Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газраас “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/, Т /19 настай, эмэгтэй/ нарын таван хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр өнөөдөр үргэлжлүүлэн ажиллаж байна гэх мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ талаар лавлахад "Алга болсон таван иргэнийг өнөөдөр 11 цагийн орчимд ямар нэг гэмтэл бэртэлгүй олж, аюулгүй газар хүргэсэн байгаа" гэж мэдэгдлээ.
Цас их орж, зам халтиргаатай байгаа тул Эрдэнэт, Хөвсгөл явах замыг түр хугацаанд хаасан бөгөөд өдөр 12 цагийн орчимоос буцаан нээж, хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн гэж авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн юм. Гэхдээ цас ихтэй, зам халтиргаатай байгаа тул иргэдийг хөдөө хээр явахгүй байхыг албаныхан анхаарууллаа.