Дорноговь аймгийн нутаг дахь Замын-Үүд, Ханги боомтоор зорчигчдоос хилийн хураамж авахаар тус аймгийн ИТХ шийдвэрлэжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд гаргасан энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэнээс 1000, гадаадын иргэнээс 5000 төгрөгийн хураамж авах юм байна. Өмнө нь Замын-Үүд боомтоор Эрээн рүү гарч буй иргэдээс ийм хураамж авдаг байснаа сумын ИТХ-ын 93 дугаар тогтоолоор больсон юм. Үүнийг эргүүлэн сэргээсэн шалтгаан нь эдийн засгийн хүндрэл, орон нутгийн төсвийн орлого тасарсантай холбоотой аж. Уг хураамжаас орон нутгийн төсөвт 720 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна.