“Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн хүүхдийн III чуулган Баянхонгор аймгийн “Өвгөн жаргалантын” зусланд есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус чуулганд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны газрын дарга Н.Баярмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд болон хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга нар чуулж хүүхэд хамгаалал, оролцоо, хөгжлийн асуудлаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
Мөн чуулганд баруун бүсийн Завхан аймгийн төлөөлөгчид урилгаар оролцсон юм.
Хангайн бүсийн 60 гаруй хүүхэд оролцсон энэ удаагийн чуулганы үеэр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнгээс суралцах, хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих, хүүхдийн санал бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэж, харилцан мэдээлэл солилцоход оршсон юм.
Мөн оролцогч хүүхдүүд аймагтаа хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаа үе тэнгийнхэндээ танилцуулсан үр дүнтэй чуулган болсноороо онцлогтой.
“Хүүхдэд ээлтэй орон нутаг- хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн чуулга уулзалт 2012 онд Булган, 2014 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байсан билээ. Дашрамд дурдахад Хөвсгөл аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 2012-2016 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус чуулганы дараагийн түүчээ арын сайхан хангай Архангай аймагт болж энэ удаагийн чуулганаар гарсан зөвлөмжүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ хүүхдийн оролцоо, хөгжил, хамгааллын асуудлыг хэлэлцэнэ.