Энэ сарын 7-нд Баянхонгор аймгийн төвд хүчтэй аадар бороо орсны улмаас 13 айл усанд автаж, 10 гаруй машин хөвсөн талаар өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянхонгор сумын зүүн урд хэсгээр усны түвшин 60 см хүрч, орон сууцны нэгдүгээр болон зоорийн давхрууд үерт автаад байсан билээ.Тус аймгийн Онцгой байдлын газарт ус соруулах машин техник байхгүй тул хувийн компанийн бохир соруулдаг машин ашиглаж, үерийн усыг зайлуулсан аж. Гэвч далан, шуудуу сэтэрч, аймгийн цэвэр усны байгууламжид ноцтой гэмтэл үүсгэсэн байна. Үүнээс болоод өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор сум ямар ч усгүй болсон гэнэ. Аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Б.Мягмарсүрэнтэй өчигдөр утсаар холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Баянхонгорын иргэд “Бие засаж ч чадахгүй, олон хоног усгүй тарвага боллоо. Ус яагаад тасарсныг мэдээд өгөөч” гэж биднээс хүссэн юм. Юу болсон талаар тодруулахгүй юү?
- Саяхны аадар борооны улмаас далан сэтэрч, аймгийн цэвэр усны байгууламж руу үерийн ус халиад орчихсон юм. Үүний уршгаар ус соруулах станц, цахилгааны шугамууд гэмтсэн. Гэр хорооллынхноос бусад нь үндсэндээ усгүй болсон гэсэн үг. Цахилгааны шугамуудаа өнөөдөр л засаж дуусгалаа. Одоо цэвэр ус шахах насосоо сольж байна.
-Орон сууцны айлууд хэцүүдэж байгаа сурагтай. Хэзээнээс усаа түгээх боломжтой вэ?
-Насосоо өнөөдөртөө амжаад сольчихвол усаа шахна. Удахгүй байх. Бид бүх нөөц, хүчээ шавхан, аль болох түргэн хугацаанд хэвийн байдалд нь эргэн оруулахыг хичээж байна. Сэтэрсэн далан, шуудууг сэргээн зассан.