Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ЦДҮС) ТӨХК засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу энэ сарын 8-14 хүртэл Хэнтий аймгийн зарим, Сүхбаатарын Баруун- Урт сумын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлахаа мэдэгдсэн.
Учир нь Багануур- Хэнтий чиглэлээр эрчим хүчийг тэжээдэг 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг засахын тулд урт хугацаагаар хязгаарлалт хийхээс өөр аргагүй байжээ.
Цаг агаарын байдал, олимпын наадам зэр- гээс болж хэрэглэгчид зургаан хоногийн турш 06.00-22.00 цаг хүртэл цахилгаан таслахыг эсэргүүцэж байсан.
Тэгвэл ЦДҮС компанийнхан иргэдийн эрэлт хэрэгцээг харгалзан засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгажээ. Энэ талаар тус компанийн Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга М.Өмөр- байгаас тодруулахад “Багануур-Хэнтий чиглэлийн 110 кв-ын агаарын шугамуудыг энэ сарын 8-9-нд шинэчилж дууслаа.
6-7 хоног хийхээр төлөвлөж байсан ажлыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр өдөрт амжуулсан. Ажиллах хүн хүч, машин механизмыг бусад салбараас татаж, өдөр, шөнөгүй зүтгэлээ.
Дээрх чиглэлд агаарын 27 шугам шинэчилсэн. Энэ хугацаанд дотоод нөөц бололцоогоо ашиглаад аймаг, сумдын ЗДТГ, эрүүл мэндийн байгууллагуудыг эрчим хүчээр хангаж байсан” гэж ярив.