Увс аймгийн Улаангом сумын нутагт өчигдөр хүчтэй салхи болж, аадар бороо орсны улмаас тус сумын найман багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр нурсан байна.
Түүнчлэн 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараш усанд автсан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж голын сав дагуух айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, байр орон сууцны усыг соруулах ажлыг хийж гүйцэтгээд байна.
Аймгийн Онцгой комисс наймдугаар сарын 07-ны өдөр хуралдан 3, 5, 7, 10, 12 зэрэг багийн усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, усанд автсан орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын усыг зайлуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, холбогдох мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийг дайчлан ажиллуулах, гамшгийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоох, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хүлээн авах, нэгтгэх ажлын хэсгийг томилон ажиллуулах шийдвэрүүдийг тус тус гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ