Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун суманд энэ сарын 20, 21-нд хээрийн түймэр гарч, Сэргэлэн сумын нутагт тархсан. Энэ түймэр хаанаас гарсныг тогтоохоор тус аймгийн Засаг дарга ажлын хэсэг томилон, газар дээр нь шалгалт хийлгэсэн юм. Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг дүгнэлтээ энэ сарын 27-нд аймгийнхаа Онцгой комисст танилцуулжээ.
Баян-Уул сумын Унагайн гүүр, Баяндун сумын Сонгоол давааны ойролцоох цахилгаан дамжуулах агаарын шугамны утас нь тулгуур баганад хүрч, хавирсны улмаас гал гарч, түймэр дэгдсэн болохыг ажлын хэсэг баримтаар тогтоосон байна. Хэрлэнгийн заставын ойролцоох агаарын шугамд техникийн доголдол гарснаас болоод тэнд түймэр дэгдсэн нь газар дээр нь хийсэн үзлэг шалгалтаар тодорхой болжээ.
Тухайн үед салхины хурд секундэд 24 метр хүрсний улмаас цахилгааны утас унжиж, техникийн доголдол гарсан гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. Мөн тухайн орон нутгийн удирдлагууд гамшигтай тэмцэх арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс түймэр газар авсан аж. Тухайлбал, Баяндунд гарсан түймрийн дуудлага энэ сарын 20-ны 19.00 цагт ирсэн байтал тус сумын гамшгаас хамгаалах I бүлэг 21.00 цагт түймэрт явсан байна. Баян-Уулын гамшгаас хамгаалах бүлэг өөрийн нутаг дэвсгэр дээрх түймрийг унтраачихаад зэргэлдээх Баяндунгийн нутагт асаж байсан түймрийг орхиод буцсан байжээ.