МИАТ, “Аэро Монголиа” компани хамтран баруун аймгууд руу нислэг хийхээр зэхэж буй. Эдгээр компани тасалбарынхаа үнийг хямдруулах, үйлчилгээгээ сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. “Аэро Монголиа” компани өөрийнхөө онгоцнуудыг Ховдод байрлуулна. Ингээд “МИАТ компанийн нэр дээр түрээсэлж буй “Боинг”-оороо зорчигчдоо Улаанбаатараас Ховдод аваачаад, “Фоккер 50” онгоцонд шилжүүлэн суулгаж, Баян-Өлгий, Завханд хүргэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотоос Говь-Алтай, Завхан руу онгоц нисгэх юм байна. Ингэснээр тийзний үнээ одоогийнхоос 40 хувиар хямдруулах боломж бүрдэж байгаа аж. Завхан луу гэхэд одоо “Хүннү эйр” компани “Фоккер 50” онгоцоор нэг зорчигчийг 129-287 мянган төгрөгөөр тээвэрлэж байгаа юм. Энэхүү нислэгээ дөрөвдүгээр сарын 15-ны дотор эхлэх юм байна.
Үүнээс гадна авиакомпаниуд хоёр хөршийн хил орчмын хотуудаас зорчигч тээвэрлэх, Улаанбаатарт ирсэн гадаадын жуулчдыг орон нутгийн нислэгт шууд дамжуулан суулгах боломжийг судалж байгаа гэнэ.