Туркийн түүхэн дэх Ерөнхийлөгчийн анхны шууд сонгууль энэ сарын 10-нд болно. Энэ сонгуулийн гол “баатар” нь одоогийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоан. Өдгөө 60 настай түүний тэргүүлдэг исламын суурь үзэл бүхий Шударга ёс, хөгжлийн төлөөх нам 2003 онд засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын улс төрд ноёлж байна. Шүүмжлэгчид Р.Эрдоаныг жилээс жилд дарангуйлагч шинжтэй болж буй гэдэг. Гэхдээ Ерөнхийлөгч болох гэсэн санаархлынх нь цаана чухам ямар зорилго нуугдаж байгааг хэн ч үл мэднэ. Тэрбээр намаасаа дахин Ерөнхий сайдад дэвших аргагүй болсон. Тиймээс Ерөнхийлөгчид өрс өлдөж байгаа нь тодорхой.
Харин олонх ажиглагч түүнийг төрийн тэргүүн болмогцоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бэлгэдлийн шинжтэй байсаар ирсэн Ерөнхийлөгчийн албан тушаалыг илүү эрх мэдэлтэй болгох вий гэж хардаж байна. АНУ-ынх шиг Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал парламентын засаглалаас илүү Туркт хэрэгтэй гэж Р.Эрдоан ярьдаг. Гэхдээ Туркийн Ерөнхийл өгч хүссэн хүнээ Ерөнхий сайдад дэвшүүлж, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг томилж, парламентын гишүүд дэмжсэн тохиолдолд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах эрхтэй байдаг нь парламентын засаглалтай олон улсын төрийн тэргүүнтэй харьцуулахад давуу тал юм. Энэ албан тушаалын төлөө Р.Эрдоантай өрсөлдөх гол улстөрч бол 71 настай Экмеледдин Ихсаноглу. Түүнийг сөрөг хүчний гол хоёр нам болох Ардын бүгд найрамдах нам, Үндэсний хөдөлгөөний намаас хамтран дэвшүүлжээ.
Гивлүүр зүүдэг эмэгтэйчүүдээс эхлээд либерал үзэлтнүүд хүртэлх Туркийн нийгмийн бүх л анги давхаргынханд хүрч ажиллана хэмээн амлаж буй түүнийг зарим ажиглагч хэт консерватив гэдэг. Э.Ихсаноглу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өсгөх бодолгүй гэдгээ илэрхийлээд буй. Харин гурав дахь нэр дэвшигч бол зүүний үзэлт Ардын ардчилсан намын гишүүн, 41 настай Селяхаттин Демирташ. Туркийн курдуудын дунд ихээхэн нэр хүндтэй энэ залуу улстөрч соёлын олон талт байдлыг дэмждэг нэгэн. Курд намууд Туркийн парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуульд голдуу 5-7 хувийн санал авдаг. Өрсөлдөгчидтэй нь харьцуулахад Р.Эрдоан хэдийнэ баталгаатай ялагч мэт харагдана. Түүнийг эсэргүүцсэн залуусын тэмцэл, хөдөлгөөн өнгөрсөн онд нийтийг хамарч, нэлээд хүчээ авсан, төрийн алба хаагчид авлигын хэрэгт холбогдох нь нэмэгдсэн, Ерөнхий сайд өмнөх хамтрагчидтайгаа таарамжгүй харилцаатай болсон зэрэг олон хүчин зүйл Шударга ёс, хөгжлийн төлөөх намд сөргөөр нөлөөлсөн ч тус намын нэр хүнд сонгогчдын дунд өндөр хэвээр байна.
Өнгөрсөн тавдугаар сард болсон орон нутгийн сонгуульд эрх баригчид үнэмлэхүй ялалт байгуулсан нь үүнийг гэрчилнэ. Сонгуулиас өмнө улс төртэй холбоотой ямар нэг судалгааны дүнг нийтэд дэлгэх нь Туркт хориотой байдаг. Гэхдээ тоймч, ажиглагчдын бичиж буйгаар Р.Эрдоан өрсөлдөгчдөөсөө 10-30 хувийн илүү санал авах төлөвтэй байна. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхий сайдыг илэрхий дэмжиж, Сонгуулийн ерөнхий хорооноос зэмлэл хүртсэн. Тус улсын мэдээллийн гол хэрэгслүүд Р.Эрдоантай ойр дотно харилцаатай бизнес эрхлэгчдийн мэдэлд байдаг гэх мэдээ бий. Энэ удаагийн сонгуулийг тойрсон олон таамгаас одоогийн Ерөнхийлөгч Абдулла Гюлийг Р.Эрдоаны оронд Ерөнхий сайд болно гэсэн яриа олны анхаарлыг хамгийн их татаж буй. Хэвлэлийнхэн тэднийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нартай адилтгаж, В.Путин нэгэнтээ Ерөнхий сайд болохдоо өөрийн хүнийг төрийн тэргүүн болгож байсныг сануулж байна.
Харин Турк улсын хувьд В.Путин нь Р.Эрдоан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн эрх, үүргийг нэмсэн ч дахин Ерөнхий сайд болохоор зүтгэж мэдэх юм. Өөрийг нь Засгийн газрын тэргүүн болж магадгүй гэх мэдээллийг А.Гюль үгүйсгээгүй ч Орост болсон улс төрийн “тохиролцоо” Туркт давтагдвал баяртай байхгүй гэсэн үг унагажээ. Үнэхээр ч Р.Эрдоаныг Азийн В.Путин болох нь гэж хардаж буй гаднынхан ийм “солилцоо”-г таатай хүлээж авахгүй. Гэхдээ туркчүүд эдийн засгийг эрчимжүүлсэн, улс төрд хутгалдах сонирхолтой цэрэг армийнхны “хандыг дарсан” хэмээн Р.Эрдоаныг үнэлсээр байна. Тэрбээр санаснаа гүйцэлд үүлж, Ерөнхийлөгч болохын тулд сонгогчдын дор хаяж 50 хувийн санал авах ёстой. Санал хураалтын эхний шатнаар ялагч тодрохгүй бол хоёр дахь шатны санал хураалт энэ сарын 24-нд болно.
Г.ЛХАГВА