БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Юньнань мужид ням гаригийн их үдэд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас багаар бодоход 381 хүн амь үрэгдэж, 1800 гаруй хүн бэртээд байна. Тус улсын Ардын чөлөөлөх армийн 2500 орчим цэрэг, Онцгой байдлын албаны 400 гаруй аврагч гамшгийн бүсэд ажиллаж буй бөгөөд сураггүй болсон 150 гаруй хүнийг нутгийнхантай хамтран хайж байгаа аж. CCTV-гийн мэдээлснээр энэ гамшиг Юньнань мужийн нутагт сүүлийн 14 жил болоогүй хүчтэй газар хөдлөлт гэнэ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин гамшгийн төв цэг болох тус мужийн Лудян тойрогт онц байдал тогтоож, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст яаралтай тусламж хүргэхийг үүрэгдсэн бол тус улсын Ерөнхий сайд Ли Көцян Лудяныг зорьжээ. Эрх баригчдын шийдвэрээр 2000 майхан, 3000 ор, 3000 хөнжил, 4000 дулаан хүрэм гамшгийн бүс рүү илгээгээд байна. Газар хөдлөлтөөс болж 30 мянга гаруй барилгад цууралт үүсэж, 12 мянга нь нурсан аж. Албаны хүмүүс аврах ажлыг сайтар зохион байгуулж, хурдан шуурхай ажиллаж байгаа гэж Юньнань мужид буй гаднын сэтгүүлчид мэдээлсэн байна. Гэхдээ газар хөдлөлтөөс үүдэлтэй хөрсний гулгалт их байгаа, мөн бороо их орж буй нь аврах ажиллагаанд саад учруулж байгаа гэнэ.
ОХУ, АНУ тэргүүтэй олон улс Хятадын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн гэсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн эмгэнэл илэрхийлэн, мэдэгдэл гаргажээ. Хятадын баруун өмнөд нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүс юм. Тус нутгийн Юньнань, Сычуань, Гуйжоу мужид газар хөдлөлт болох нь олонтаа. 2008 онд Сычуньд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 87 мянга гаруй хүн амиа алдсан бол 1970 онд Юньнаньд болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 15 мянга гаруй хүн амь үрэгджээ.
Г.ЛХАГВА