Энэ сарын 4-6-нд Африкийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт анх удаа АНУ-д болж буйтай холбогдуулж “The Economist” сэтгүүлийн сурвалжлагч Цагаан ордны тэргүүн Барак Обаматай ярилцжээ.
Тэрбээр Африкийн ирээдүйг хэрхэн төсөөлж буйгаа, цаг үеийн асуудлаас болж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ямархуу харилцаатай болсон, мөн эрүүл мэндийн салбарт өөрчлөлт оруулах тухай хуулиас болж Конгрессийн гишүүдтэй яагаад зөрчилдөв зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна.
-Африкийн хөгжил дэвшлийг дэлхий нийт саяхнаас л мэдэрч эхэллээ. Том хотууд нь дэлхийн жишигт хүрч эхэлсэн ч, энэ тивийн нэлээд хэсэг дайн самуунтай байна. АНУ-ын гадаад харилцааны түүхийг сөхвөл Азийн орнуудыг хөгжиж эхлэхэд багагүй туслалцаа үзүүлсэн байдаг. Энэ удаа Африкт мөн ижил сэтгэлээр тусалж чадах болов уу?
-Бид африкчуудад бие даан туслах боломжгүй. Гэхдээ бид дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг, нээлттэй эдийн засгийг дэмждэг, хүний хөгжилд анхаардаг учраас энэ тивд үзүүлэх туслалцаа дэмжлэгийн голыг нь нугалах байх.
-Тус тивд БНХАУ-ын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулах нь нэмэгдсэн. Энэ нь АНУ, Африкийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөөтэй юү?
-Би үүнийг сөрөг зүйл гэж боддоггүй. Намайг Африкт айлчлах үеэр сэтгүүлчид нэг бус удаа ингэж асууж байсан. Тэгэхэд би хэлсэн юм, “Хөрөнгө оруулах нь ашигтай гэж үзсэн бол энэ тивд хэн ч бизнес эрхэлж болно” гэж. Энэ үгээ давтан хэлье. Хамгийн гол нь Африкийн эрх баригчид ямар ч улстай гэрээ хэлэлцээр хийхдээ өөрсдөдөө ашигтай талыг нь бодолцож байгаасай гэж хүсэж байна. Хятадын хувьд олон давуу талтай, боломж бололцоо их, маш сайн түнш. Жишээ нь, Африкт нэн чухал байгаа дэд бүтцийг хөгжүүлэхэд Хятадын компаниуд сайн хамтрагч байж чадна. Нөгөө талаар байгалийн баялаг хэрэгтэй учраас Хятадын бизнес эрхлэгчид Африк руу хошуурч байна. Тиймээс Хятадын компаниуд эхлээд зам тавьж, гүүр бариг. Харин дараа нь тэр бүхнээр нь зөвхөн Африкийн баялаг Хятадын аль нэг боомт хот руу “урсах” биш, харин Африкийн ард иргэд зорчиж байх нь чухал гэдгийг санаарай гэж зөвлөх байна.
-Хятад улсын нэг давуу тал бол Америк шиг Конгрессийн танхимгүй. Парламент бий ч таны хэлснээр “зөөлөн”. Харин Америкт хууль тогтоох байгууллага нь Ерөнхийлөгчийн санаачилгад хориг тавих эрхтэй. Экспорт-Импортын банк, Африкийн хөгжлийн төлөөх тунхаг зэрэг гадаад бодлоготой холбоотой хэд хэдэн чухал төсөл Конгрессийн гишүүдээс болж саатаад байна уу?
-Даяарчлалыг дэмждэггүй бүгд найрамдахчууд намынхаа чөлөөт худалдааг дэмждэг үндсэн үзэл баримтлалаас гажиж байгаа нь харамсалтай. Та дээр Азийг жишээ татсан. Азийн орнууд эдийн засгаа барууны орнуудад нээлттэй болгохоос гадна бага, дунд үйлдвэрлэлээ дэмжиж ирсний хүчинд хөгжсөн. Африкийн эдийн засаг ч гэсэн хэдий хурдан чөлөөтэй болно, төдий хэрээр хурдтай хөгжинө. Юуны өмнө бид Зүүн Африкийн худалдааны бүс байгуулж Танзани, Кени, Уганда зэрэг орны албаныхантай хамтран эрчим хүчний станц байгуулах, дэд бүтэц хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чухал салбарт хамтран ажиллахыг хүсэж байна. Бас “Африкийг гэрэлтүүл” төслийн хүрээнд Сахаар орчмын бүс нутгийг цахилгаан, эрчим хүчээр хангана гэхээс бид тэсэж ядаж байгаа.
-Африк тив дэлхийн аюулгүй байдалд чухал бүс нутаг гэж та олон удаа хэлж байсан. Европын эрх баригчид ч гэсэн тус тивийг өөрсдийнх нь “арын талбай” гэж үзэх болсон. Ийм байхад Азийн орнуудтай хамтарч байсныхаа адил Африктай түншлэх боломж хэр байна?
-Америкийн гадаад харилцаа хэзээнээс л өвөрмөц байж ирсэн. Ялангуяа аюулгүй байдлын тал дээр. Ямар нэг асуудал дэгдэхэд биднийг очихгүй бол үл тоолоо, ойшоосонгүй гэдэг. Яваад очихоор тухайн бүс нутгийг цэрэгжүүллээ, ашиглалаа гэдэг. Харин Африкийн орнуудтай хамтрах тал дээр бид зөв гольдрилоо олсон. Африкийн холбоо, Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагатай хамтран ажиллахыг бид илүүд үзэж байна. Энэ тивийнхэнтэй түүхэн харилцаа холбоотой Европын орнуудыг ч гэсэн хамтын ажиллагаандаа татан оролцуулах хүсэлтэй байгаа.
-Аюулгүй байдлын талаар нэг зүйл лавлахад Та их хүчнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их хичээл зүтгэл гаргаж ирсэн. Гэхдээ миний бодлоор хэл амаа ололцоход түвэгтэй хэдэн хүнтэй одоо ч харилцаж чадахгүй байгаа, бас тэдэнд шахалт үзүүлэх тал дээр бусдыг ятгаж дөнгөхгүй байгаа нь үндсэн хоёр бэрхшээл хэвээр байна. Таны “арга”-д орохгүй байгаа Өмнөд Африк, Энэтхэг, Индонез зэрэг улс байна. Эдгээр улс яагаад дундын бүс баримтлаад байна вэ?
-Улс бүр ашиг сонирхолдоо таацуулсан гадаад бодлоготой. АНУ XX зуунд болон XXI зууны эхэнд нугаршгүй ганц хүчин байж, бусдаас илүү ачаа үүрч, илүү эрх эдэлж ирсэн. Харин өнөөгийн харилцан хамааралтай дэлхийд аль нэг улс бусдаас давуу байх аргагүй болсон. Эдгээр улс бүс нутгийнхаа хамгийн хүчирхэг орнууд болохоор тодорхой бодлоготой байдаг нь лав. Гэхдээ Өмнөд Африкаар жишээлэхэд хааяанд нь байгаа Зимбабвед олон улсын хэв журам, бүс нутгийн хөгжил дэвшлийг нэвтрүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Транс-Номхон далайн орнуудын түншлэлийн хэлэлцээ зэрэг бидний санаачилсан олон улсын тунхгууд чухам ийм зорилготой юм. Мэдээж хэрэг, энэ тунхаг АНУ-д ашигтай. Гэхдээ Вьетнам, Малайз зэрэг том улсуудын дунд ашиг сонирхол нь зөрчилддөг орнуудад ийм хамтын ажиллагаа илүү ашигтай юм. “Хятадтай найрсаг харилцаатай байхыг хүсэж байна. Гэхдээ Хятад, Америкийн аль нэгийг сонгомооргүй байна” гэсэн хандлага Зүүн Өмнөд Азийн орнуудаас, ер нь жижиг гэгддэг орнуудаас анзаарагддаг.
-Хятад орон “нийтлэг тогтолцоо”- ны дотор орох уу, эсвэл тэмцэх үү гэдэг бидний цаг үед тун чухал асуудал болжээ.
-Тийм ээ. Гэхдээ АНУ, Европын аль аль нь Хятад улсыг олон улсын харилцааны асуудалд хамтрагч, түнш гэж хүлээж авах нь чухал. Нэг зүйл онцлоход тус улсын албаныхантай харилцахдаа хатуу чанд байр суурьтай байх хэрэгтэй. Хятад түншүүд маань ямар ч асуудалд сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, хийсвэр зүйлс сонирхдоггүй. Хөгжиж буй олон улс яг ийм зарчим баримтлах болсон нь анзаарагдах боллоо.
-Харилцахад түвэгтэй улсын тухай ярилцъя. Одоо бол ОХУ хамгийн ээдрээтэй улс болчихоод байна. Та Оростой харилцаагаа “дахин тохируулах” гэж оролдсон. Германы Канцлер Ангела Меркель ч гэсэн ноён Путинтэй олон ч удаа утсаар ярьсан. Гэсэн ч ийм байдалд хүрсэнд та ОХУ-д урам хугарч байна уу?
-Үгүй дээ. Ерөнхийлөгч Медведевийн үед бидний харилцаа найрсаг, үр өгөөжтэй байсан. Хийх ёстой олон ч зүйлээ амжуулсан. Орос улс хэдийнээс хоёр тийш хандсан Янус бурхан шиг онцлогтой байсан шүү дээ. Өрнө, дорнын аль аль руу нь хандаж ирсэн. Харин Ерөнхийлөгч Путиний бодлого Оросын дотоод хүрээнд бугшсан, одоохондоо өөрийнх нэр хүндийг нь өргөх ч хожим улсынх нь байр суурьт цөвтэй зүйл байх вий гэж эмээж байна. Гэхдээ алсын хараатай байхыг бид эрхэмлэнэ. Орос улс дотооддоо их нам гүм. Сайн сайхан амьдрал эрсэн цагаачдын их урсгал тэнд алга. Хүн ам нь ч өсөхөө больсон. Тэгэхээр Орост тулгарч буй бүс нутгийн саад бэрхшээлүүдийг нь ойлгож, тэр бүхэн нь битгий хурцдаасай гэж хүсэхийн хамт тэдгээрт тааруулж хариу үйлдэл үзүүлэх ёстой байх. Бидний хувьд гадаад харилцааны аливаа яриа хэлэлцээрт оросууд цөмийн зэвсгийн асуудал сөхөхгүй байх нь чухал. Энэ асуудлыг тойрч чадвал бүх зүйл бидний талд.
-Олон улсын харилцаанд анхаарч байх хооронд эдийн засаг хямарсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа.
-Шүүмжилж, өө сэв хайх нь тэдний ажил. Гэхдээ статистик үзүүлэлтүүдийг сайн хар. Намайг Ерөнхийлөгч болсноос хойш санхүү, эдийн засгийн байдал хүндэрсэн гэх нэг ч баримт байхгүй. Шинэ бодлогын дүнд хувьцааны зах зээл тэлж, корпорацуудын ашиг өссөн. Ажлын байрны тоо 52 сар дараалан өсөж, 10 сая ажлын байр шинээр бий боллоо. Ажилгүй иргэдийн тоо “Лехман брадерс” банкны дампуурлаас өмнөх үеийнхээс ч хүртэл буураад байгаа. Эрчим хүчний салбар хөгжиж, хүлэмжийн хий багаслаа. Ийм байхад эдийн засгийг бид чамгүй сайн удирдсан гэж болно.
Г.ЛХАГВА