Зүүн Украин дахь холбооны засаглалыг дэмжигчид болон Украины Зэвсэгт хүчин хооронд дахин зэвсэгт мөргөлдөөн дэгджээ. Үүний улмаас Малайзын MH17 онгоц осолдсон газарт ажиллаж буй олон улсын шинжээчдэд ажлаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсон гэнэ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Украины асуудал эрхэлсэн түр хорооны дэд дарга Александр Хаагийн ярьснаар ослын газрын ойролцоох Петропавливка тосгонд байрласан шинжээчдэд км гаруйхны зайд агаарын довтолгоон тасралтгүй үргэлжилж буй нь сонсогдож байгаа аж.
Онгоц осолдсон газар сөргөлдөгч талуудын дундын бүс учир шинжээчдийн аюулгүй байдлыг хангах нь хэн хэнийх нь үүрэг гэж тэрбээр ярьсан байна. Нидерланд, Австралийн 70 орчим мэргэжилтэн 20 ам.км талбайг самнаж, амь үрэгдэгсдийн цогцосны үлдэгдэл, онгоцны сэг зэргийг цуглуулж, шинжилж байгаа юм. Өнгөрсөн сарын 17-нд осолдсон MH17 дугаарын онгоцонд 298 хүн явснаас талаас илүү нь Нидерландын иргэн байсан. Сүүлийн мэдээгээр Нидерландын тал 220 хүний цогцос хүлээж авсан бөгөөд тэднийг таньж тогтоох ажил үргэлжилж байна. Зүүн Украинд байдал дахин хурцадсан нь босогчид өөр хоорондоо сөргөлдөх болсонтой холбоотой гэнэ. Словянск зэрэг хэд хэдэн хотыг Украины Зэвсэгт хүчин дахин эрхэндээ оруулсанд босогчид бие биеэ буруутгаж буй бололтой.
Босогчдын тэргүүн нарын нэг гэх Игорь Друзийн ярьснаар Украины “хууль бус” эрх баригчдад бууж өгсөн залуусаа босогчид шийтгэж, заримыг нь цаазалсан аж. Энэ нь хараа хяналтгүй босогчдыг Зэвсэгт хүчнийхэн рүү халдахад хүргэж буй гэнэ.
Г.ЛХАГВА