Малайзын онгоц Украины нутагт осолдсон нь Европ, ОХУ-ын харилцаа, цаашилбал Европын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар Германы Гадаад хэргийн сайд ФранкВальтер Штайнмайер “Spiegel” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцжээ. Тэрбээр ОХУ-ын эсрэг баталсан Европын шинэ хоригууд Германд мөн хүнд тусна гэж үзэж байна.
-Оросын эсрэг хэрэгжүүлсэн Европын холбооны өмнөх хоригууд үр дүн муутай байсан. Харин Малайзын онгоцны ослоос үүдэлтэй шинэ хоригууд ямар өөрчлөлт авчрах бол?
-Дипломат харилцааны ямар ч асуудалд ам гарах аргагүй байдаг. Ялангуяа зөрчил, мөргөлдөөний үед байдал хаашаа ч эргэж мэднэ. Өмнөх хоригууд үр дүн муутай байсан нь шинэ хоригууд илүү чанга хатуу, үр дүнтэй байна гэсэн үг биш. Орос улс бидний хамтрагч байх уу, дайсан байх уу гэдгээ өөрсдөө шийдэх байх. Аль нь ч байсан Европын хөрш хэвээр байх учраас бид оросуудтай ярилцдаг, ойлголцдог байхыг чухалчилна.
Одоогийн хоригууд анхааруулга төдий. Гэхдээ Украины хямралд хамаагүй 300 орчим хүн амь үрэгдсэн болохоор онгоц руу пуужин харвахад оросууд оролцсон ч бай, үгүй ч бай бид хориг арга хэмжээгээр хариу барих нь анхнаасаа тодорхой байсан.
-Оросын эсрэг шинэ хориг батлах асуудалд Европын холбооны гишүүн орнууд нэгдмэл байж чадлаа. Харин Герман улсын зүгээс ОХУ-д ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Европын холбооны гишүүн 28 улс бүгд Оросын эсрэг байгаа нь одоогоор хангалттай. Германы хувьд Оростой зэр зэвсгийн худалдаа хийхээ болиод олон сар болж байна.
-Гэхдээ Германы бизнес эрхлэгчид Оросын эсрэг хоригийг таашаахгүй байгаа гэсэн мэдээлэл цацагдсан.
-Улс төрийн үүднээс тэд бидэнтэй ижил байр суурьтай байгаа. Шинээр эдийн засгийн хориг батлах бүртээ бид бизнесийнхний саналыг сонсдог. Улс төр, бизнесийнхний дунд Орост ямархуу хариу барих тал дээр санал зөрөлдсөн зүйл үгүй ч оросуудтай таарамжгүй харилцаатай байх нь Германд муу гэдгийг бүгд мэдэж байгаа.
-Герман улсыг дэлхий нийт В.Путинд хүрэх эцсийн гүүр гэж үздэг. Үүнд та бүхэн хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Оросын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авах бүрт европчууд голдуу германчуудын үгийг сонсдог.
-Хуучин ЗХУ-ын нөлөөн дор амьдарч байсан хүмүүс баруун европчууд болон америкчуудтай харьцуулахад Оросыг арай өөрөөр хардаг. Өөрөөр хүлээж авч, ойлгохыг хичээдэг. Ялангуяа, хуваагдмал үндэстэн байсны хувьд германчууд өрнө, дорнын заагт оршдог, үүнийгээ ч хариуцлагатайгаар ухамсарладаг. Орос улстай ойр дотно харилцаатай байх нь бидэнд чухал. Гэвч Европын амар амгалан байдал алдагдчихлаа. Аюулгүй байдал эрсдэлд орсонтой холбоотой одоогийн хямрал цаашдаа урьдчилан таамаглах аргагүй олон сөрөг үр дагавар авчирна гэж эмээж байна.
-Нэмж хориг батлаад байвал ОХУ цэргийн ажиллагаагаар хариу барих вий гэж зарим ажиглагч таамаглаж байгаа. Тийм зүйл болох болов уу?
-Бид Оросын эрх баригчдаас ямар нэгэн шинэ зүйл, эсвэл гэнэтийн хурц шийдвэр гарна гэж бодохгүй байна. Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгээсэй гэж л Европын холбооны гишүүн орнууд Оросоос хүссэн. Украины эрх баригчид хил хязгаараа сайтар сахин хамгаалах нь чухал. Тэгвэл гаднын тусламж тасарч, зэвсэг барьсан хэдэн хүн өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалахгүй гэдгийг зүүн украинчууд ойлгоно.
-Ойр ойрхон хориг баталж буй ч европчуудын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хоригууд АНУ-ынхтай харьцуулахад сул байна. Энэ ямар учиртай вэ?
-Ерөнхийлөгч Б.Обамад бие даан шийдвэр гаргах бүрэн эрх бий. Харин бид 28 орны ашиг сонирхолд нийцэх нэгдсэн шийдвэр гаргаж байгаа. Бас Европын шүүхийн байр суурийг тусгах нь чухал. Гол нь Орос, Европын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа Орос, Америкийн харилцаатай харьцуулахад илүү бат бөх холбоотой учраас бид юунд хатуу, юунд хүлээцтэй хандахаа сайтар бодолцох хэрэгтэй.
Г.ЛХАГВА