Шотландын Үндэсний намын идэвхтэн 24 настай Дэвид Линден “Холбооны улс байлаа гээд ямар ашигтай юм бэ” гэсэн үгийг Шеттлтонд болсон цуглааны үеэр ахин дахин хэлэх ажээ. Шотландын хамгийн том хот Глазгогоос зүүн зүгт орших энэ суурин Их Британийн хамгийн ядуу, хамгийн “унтаа” газрын нэг бөгөөд эрчүүд нь дунджаар 64 насалдаг нь улсын дунджаас 15 жил богино юм. Эндхийн оршин суугчид Д.Линдений адилаар “Британийн бүрэлдэхүүнд байх ямар ашигтай вэ” гэж өөрсдөөсөө асуух болоод олон жил улирч байна.
Ирэх есдүгээр сарын 18-нд Шотландад тусгаар улс болох, эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болно. Салан тусгаарлахыг дэмжиж буй үндэсний үзэлтнүүд “Шотландын төлөө “Тийм” гэж хэлье” уриатай кампанит ажил өрнүүлж буй. Энэ ажлыг гардан гүйцэтгэгчид нь Шотландын Үндэсний намыг дэмжигч, голдуу 25-аас доош насны залуус бөгөөд сүүлийн 18 сарын турш тэд айл айлын хаалга тогшин, Шотланд тусгаар тогтнохын давуу талын талаар ухуулж байна. Д.Линдений багийнхан сард бараг 400 айлд очиж, ихэвчлэн нааштай хариу сонсдог гэнэ. Тэдний ажилтай харьцуулахад Хөдөлмөрийн болон Либерал Ардчилсан намынхан, мөн консервативчуудын явуулж буй “Хамтдаа бол хүчтэй” нэртэй кампанит ажил бараг л үл үзэгдэх түвшинд явна. Энэ ажлын ахлагч нь эрх баригч Хөдөлмөрийн намын гишүүн, Сангийн сайд асан Алистер Дарлинг юм. “Харри Поттер”-ийн зохиолч Ж.К.Роулингээс эхлээд хөрөнгө мөнгө, нэр нөлөөтэй олон хүн түүнийг дэмжиж, ажлыг нь санхүүжүүлдэг. Гэсэн ч түүнд Д.Линден шиг залуус байхгүй. Британийн холбоонд үлдэхийг уриалсан ил захидлыг айлуудын шуудангийн хайрцганд хийх, ухуулга сурталчилгаа явуулах залуусаа А.Дарлинг Англид “элэгтэй” шотландчуудаас сонгодог байна.
Эрх баригч намынхны гол зэвсэг нь нутгийн иргэдийг сэтгэлээр унагах юм. Ноён А.Дарлинг Их Британиас өрх тусгаарлавал шотландчууд газрын тосноосоо ашиг хүртэхээ болино, санхүү, эдийн засгийн эрсдэлтэй тулгарна, ямар мөнгөн тэмдэгттэй байх нь эргэлзээтэй, цаашдаа Европын холбоо юм уу, НАТО-гийн гиш үүн ч болж чадахгүй гэх мэтээр тэднийг “айлгадаг”. Зарим шотланд хүний ихэд зэвүүцэн өгүүлдгээр холбооны засаглалыг дэмжигчдийн амнаас унах үг бүр шотландчуудын бус англичуудын ирээдүйд зовнисон далд утгатай байдаг гэнэ.
Эдгээр хүчин зүйл дэлхийн хамгийн урт настай, хамгийн бат бөх холбооны улсыг анх удаа хуваагдах аюулын ирмэгт авчраад байна. Шотландын ердөө 70 хүний нэг нь тусгаар улс болохыг дэмждэг гэсэн судалгааны дүн хэдэн жилийн өмнө гарч байсан бол энэ харьцаа саяхны нэг судалгаагаар 59:41 болсон гэнэ. Ялангуяа Шеттлтон шиг хөд өөгийн суурингийн иргэд Шотландын төлөө “Тийм” гэж хэлэх магадлалтай юм. Тэд хэдхэн хувийн зөрүүгээр холбооны засаглалыг дэмжигчдэд ялагдсан ч энэ нь англи, шотландчуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, британичуудыг олон улсын өмнө нүүр хийх газаргүй болгож ч магадгүй.
ТЕТЧЕРИЙН “ХҮҮХДҮҮД”
Британи арлын хойд хагаст олон мянган жил аж төрсөн шотландчууд Английг эсэргүүцэх үзэл наанадаж XIII зуун, цаашилбал VIII зуунаас эхтэй. Шотландын ихэс дээдсүүд 1320 онд Ромын Пап ламд илгээсэн өргөх бичигтээ “Шотланд үндэстэн хэзээ ч англичуудад дарлагдахгүй” гэсэн байв. Гэвч олон зуун жил бие даасан улс байсан Шотланд 1707 оны тавдугаар сарын 1-нд батлагдсан Их Британийн хаант улс байгуулах тухай тунхагт нэгдэн, их гүрний нэг хэсэг болжээ. Тэр цагаас хойш тусгаар тогтнолыг нь сэргээх гэсэн нэлээн олон оролдлого, бослого хөдөлгөөн гарч байв. Харин энэ удаагийн кампанит ажлын эхлэл 1912 онд тавигдсан юм. Тэр үеийн Британийн Ерөнхий сайд Херберт Асквит “Бүгдэд өөртөө засах эрх олгоё” гэсэн хөтөлбөр санаачилж ирланд, шотландчуудад тал засаж байлаа. Гэсэн ч тухайн үеийн шотланд түмэн агуу их эзэнт гүрэн байгуулах үйлсэд ханцуй шамдаад байсан тул үүнийг хайхарсанг үй. Гэхдээ өөрсдийгөө англичуудаас өөр гэж боддог шотланд хүм үүст сэдэл өгсөн гэхэд болно. 1885-1939 онд Британийн эзэнт гүрний эзэмшил нутгууд дахь Амбан захирагчдын гуравны нэг нь шотланд хүн байсан нь улсаа нэгдмэл байлгахын төлөө шотландчууд ихээхэн хүчин чармайлт гаргасны нэг жишээ юм. Глазго л гэхэд эзэнт гүрний хоёр дахь нийслэл гэгдэж байв.
Харин эзэнт гүрэн задарч, хилийн чанад дахь эзэмшил нутгуудаа алдан, ирландчууд тусгаар тогтнолын төлөө тэмцэх болсон зэрэг нь шотланчдуудын үндэсний үзэл сэргэхэд хамгийн их нөлөөлжээ. Эзэнт гүрний мандан бадралын үед Британийн гэгдэж асан бүхэн яваандаа Английнх болж, аж үйлдвэрлэлийн хөгжлийн үр шимийг хязгаар нутгийнхан хүртэхээ байж, Шотланд дахь Британийн Зэвсэгт хүчний анги нэгтгэл үүдийг татан буулгасан зэрэг нь шотланд хүмүүсийг Лондонд суугаа эрх дархтануудаас нүүр буруулахад мөн хүргэв. 1970 онд явуулсан нэгэн судалгаанд хамрагдсан шотландчуудын 39 хувь нь өөрсдийгөө британи хүн гэж үзсэн бол 2013 онд энэ тоо 23 хувь хүртэл буурсан байна.
Перри Андерсон, Том Наирн нарын улс төр судлаачдын үзсэнээр 1960-1970-аад онд Их Британийн эрх баригчид хагас марксист маягийн төрийн тогтолцоог сонгосон нь эзэнт гүрний үеэ санагалзсан, нэлээд хатуу бодлого байлаа. Энэ нь Төмөр хатагтай Маргарет Тетчерийн үед цагаачлал, соёлын эрх чөлөө зэрэгтэй сүлэлдэн Британийн нийгэм хурдацтай өөрчлөгдөх, үндэсний үзэлтнүүд нэгдэн нийлэх суурь хөрсийг тавьж өгчээ.
НЕФТИЙН ХАРААЛ
Улс төр, нийгмийн дээрх өөрчлөлтүүдээс гадна орон нутгийн чанартай гурван ч хүчин зүйл шотландчуудыг сэрээсэн байна. Эхнийх нь, торичууд буюу консерватив үзэлтнүүд Шотландаас шахагдсан явдал. 1955 оны сонгуулиар Консерватив нам Шотландаас авч болох парламентын бүх суудлын тэн хагасыг авсан бол 1970 онд Вестминстерт олонх болсон ч Шотландад ялагдал хүлээсэн Британийн анхны нам болжээ. Гэвч консервативчуудын жинхэнэ сүйрэл Тетчерийн үед тохиосон бөгөөд тэрбээр чанд хатуу бодлогоороо Мел Гибсоны “Хатан зоригт” киноноос ч илүү шотландчуудын үндэсний үзлийг сэрээж орхисон байна. Түүнийг засгийн эрхэнд байх үед буюу 1979-1981 онд хөдөлмөрийн насны шотландчуудын тавны нэг нь ажилгүй болжээ. Хойд болон төв Английн үйлдвэржсэн, хуучны хотуудад ажилгүйдэл мөн газар аваад байсан ч үндэсний цөөнхийн хувьд шотландчууд үүнийг ихэд ноцтой хүлээж авсан байна. Шотландад эхэлж хэрэгж үүлсэн Тетчерийн татварын бодлого нутгийн иргэдийг бүр ч хилэгнүүлжээ. Үүнээс үүдэн торичууд шотланд иргэдийн нүдэнд өнөө ч ажлын байр үгүй хийдэг, шотланд хүнийг үзэн яддаг, хорон муу санаатнууд болж харагддаг гэвэл дэгсдүүлсэн болохг үй. 2010 оны сонгуулиар Британийн Консерватив нам Англи, Шотландын хил дээр орших нэг жижигхэн хотоос ганцхан суудал авсан нь урьд хожид байгаагүй муу үзүүлэлт байлаа.
Хоёр дахь хүчин зүйл нь 1960- аад оны сүүлээр Умард тэнгисийн эрэг хөвөөгөөс олдсон газрын тосны арвин нөөц юм. Нутаг орных нь байгалийн баялгийг өмнө тийш зөөвөрлөх нь шотландчуудад таалагдсангүй. 1967 онд Вестминстерт анхны суудлаа олж авсан Шотландын Үндэсний намынхан 1974 онд 11-үүлээ болж аваад, “Газрын тос-Шотландын баялаг” гэсэн лоозон барьж, дипломат дайн эхл үүлжээ. Тэдний зүтгэлийн дүнд Шотланд өөрийн гэсэн парламенттай байх, эсэх асуудлаар 1979 онд санал асуулга явагдсан байна. Саналаа өгс өн шотландчуудын 52 хувь нь дотооддоо хууль тогтоох байгууллагатай болохыг дэмжсэн ч Вестминстерийнхэн сонгогчдын ирц хангалтгүй гэж үзэн, нутгийнхны хүсэлтийг хүлээж авахаас түдгэлзжээ. Өөрсдийн хэргийг бие даан шийдэх шотландчуудын хүсэл 1990-ээд оны дунд үед буюу Тони Блэйр Хөдөлмөрийн намыг тэргүүлэх болсноор сая биеллээ олж, 1997 онд дахин бүх нийтийн санал асуулга явуулав. Тэр үед шотландчуудын 74 хувь нь парламенттай болохыг эргэлзэх юмгүй сонголоо.
Энэ нь албаны хүмүүсийг эгэл жирийн үндсэрхэг үзэлтнүүдтэй нэгтгэж, шотландчуудыг өнөөд өр тусгаар тогтнолын талаар ярьж суух гурав дахь хүчин зүйл болжээ. Дотоодын нэгдмэл байдал нь Британийн гол нам, хүчнүүдийн төлөөллийг Шотландаас шахаж гаргахад хүргэсэн байна. “Шотландын төлөө “Тийм” гэж хэлье” ажлын гол ухуулгын нэг нь “Бид Хөдөлм өрийн намыг биш, Хөдөлмөрийн нам биднийг орхисон” гэсэн үг юм. Үнэхээр ч гадаад харилцаа, зах зээлтэй холбоотой Хөдөлмөрийн намын залуу лидерүүдийн олон шинэлэг бодлогын үр дүн Шотландад бараг хүрээгүй. Дээр нь жилээс жилд бүл нэмсэн үндсэрхэг үзэлтнүүдээс эмээж, Хөд өлм өрийн намынхан сонгогдсон тойрогтоо очдоггүй, Шотланд нутгийг эргэдэггүй байсан нь талуудын харилцааг хүйтэн хөндий болгожээ. Энэ нь Шотландын Үндэсний намыг 2011 оны орон нутгийн сонгуульд үнэмлэх үй ялалт байгуулахад, ирэх есдүгээр сарын санал асуулгыг зохион байгуулахад хүргэсэн байна.
МӨРӨӨДӨХ ЭРХ
Сонгогчдын амнаас “Тийм” гэсэн үг сонсохыг хүсэгчид Шотландыг тусгаар улс болбол илүү ардчилсан, иргэдийнхээ эрхийг хамгаалсан, баян чинээлэг улс болно гэж ухуулж буй. Гэхдээ эдний аль аль нь маргаантай. Британиас тусгаар тогтносон ч шотландчууд төрийн тогтолцоогоо нэг хэсэгтээ өөрчилж хүчрэхгүй. Шотландын Үндэсний намынхан нийгмийн халамж, нийтийн үйлчилгээний салбараа Скандинавын орнуудын жишгээр хөгжүүлнэ гэж буй ч энэ нь өөрсдийнх нь ярьж байгаа шиг капитализмаас ардчилсан социализм руу шилжих биш, харин дэмий мөрөөдөж буй хэрэг юм. Учир нь таван сая хүнтэй Шотланд “улс” эдийн засагчдын тооцоогоор 2016-2017 онд ердөө гурван тэрбум фунт стерлингийн орлоготой байх төлөвтэй байна. Скандинавын орнуудын эдийн засагтай харьцуулахад энэ нь инээд хүрмээр тоо.
Харин Шотланд тусгаар тогтнох нь нутгийн иргэдэд төдийг үй бүх британичуудад сайн юм авчрахгүй гэж холбооны засаглалыг дэмжигчид ярьж байна. Их Британийн газар нутгийн тэн хагас, Зэвсэгт хүчин, тагнуулын албанд алба хаагчдын багагүй хэсэг, дэлхий дахинаа эзлэх байр суурь гээд олон зүйл үгүй болно гэж тэд анхааруулж буй. Ядаж л Британийн төрийн далбаа хэрхэн өөрчлөгдөх бол гэж бодохоос ч олон хүн эмээж байна.
Саяхан Стрэтклайдын их сургуульд болсон “Шотландын тусгаар тогтнол, бүрхэг ирээдүй” сэдэвт бага хурлын үеэр НАТОгийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жорж Робертсон 2007 онд Глазго хотод болсон алан хядах ажиллагааг сануулж, олон улсын аюулгүй байдал эгзэгтэй байгаа ийм үед Британиас салж болохгүй хэмээн шотландчуудыг сэнхрүүлэхийг оролджээ. Гэхдээ нэгдсэн Британийн давуу талын тухай улиглан ярих албаны хүм үүс шотландчууд төдийгүй нийт иргэддээ айсуй ирээдүй ямар байх талаар баттай, барьцтай зүйл амлаж чадахгүй байна. Вестминстерийнхэнд ийм зүйл үргэлж дутагдаж ирсэн. Тиймдээ ч нэгэн цагт дэлхийг эзэгнэж асан их гүрнийг хуваах тухай ярих болоод буй. Тандалтын судалгаануудаас “Шотланд тусгаар тогтнохгүй” гэсэн хариу ирж байгаа ч Глазго хотын гудамж, талбайд асуултын тэмдэг олны хөл дор хөглөрсөөр.
Г.ЛХАГВА