“ОХУ-ын эрх баригчид Украины салан тусгаарлагчдыг зэр зэвсгээр хангаснаас болж, онгоц осолдож олон зуун хүн амь үрэгдсэн. Ийм байхад 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг ОХУ-д зохион байгуулж болохгүй” гэж Их Британийн Ерөнхий сайдын орлогч Ник Клегг ярьжээ. Тэрбээр Английн “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнүүдийг чангатгах нь зөв. Гэхдээ ДАШТ зохион байгуулах эрхийг нь цуцалбал улс төрийн болон бэлгэдлийн хувьд илүү хүнд шийтгэл болно” гэсэн байна. Мөн “Ийм аймшигтай явдлын дараа дэлхий нийт Оросын нутагт хөлбөмбөг үзэхээр очих нь тэнэг хэрэг” гэжээ.
Энэ сарын 17-нд Нидерландын нийслэл Амстердамаас Малайзын Куала-Лумпур хотыг чиглэн явсан Малайзын “Боинг-777” онгоц Украины нутагт пуужинд оногдон, сүйрсэн юм. Ослын улмаас 298 хүн амь үрэгдсэн билээ. Олон улс зүүн Украины зэвсэгт босогчид болон ОХУ-ын эрх баригчдыг энэ хэрэгт буруутгаж буй бол оросууд Украины Зэвсэгт хүчнийг пуужин харвасан гэж таамаглаж байгаа. Амь үрэгдэгсдийн цогцсыг ослын газраас зөөвөрлөж, 200 орчмыг нь эх нутагт нь аваачаад байна. Осолтой холбогдуулж, Европын холбооны албаныхан Украин дахь холбооны засаглалыг дэмжигчидтэй холбоотой орос иргэдийн эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригуудаа чангатгасан.
Өнгөрсөн долоо хоногт Германы зарим улстөрч мөн 2018 оны ДАШТ-ийг ОХУ-д зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Хариуд нь FIFA буюу Олон улсын хөлб өмбөгийн холбооны албаныхан спортын уралдаан тэмцээнийг улстөржүүлэхгүй байхыг хүсчээ.