Украинд осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг-777” онгоцонд явсан 298 хүний 193 нь Нидерландын иргэн байсан. Онгоцыг зүүн Украин дахь ОХУ-ын талыг баримтлагчид пуужин харваж унагасан гэж барууны орнууд таамаглаж байгаа. Тиймээс Нидерландад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг эсэргүүцэгчид олон байна.
Тэдний нэг, тус улсын Хильверсюм хотын захирагч Пиетер Броертье лхагва гаригийн өглөө орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа В.Путиний охин Мария Путинийг голланд найз залуугийнхаа хамт тус улсын Ворсхотен хотод амьдардаг хэмээгээд түүнийг Нидерландаас явахыг шаарджээ. Үүнийг сонссон нутгийн иргэд Ворсхотен хотын төвд болон В.Путиний охины байрны гадаа эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан гэнэ. Гэхдээ П.Броертье дараахан нь твиттер хуудсаараа дамжуулж, онгоцны ослыг В.Путиний охинтой холбосондоо уучлал гуйсан байна.
В.Путиний хоёр охины талаар мэдээлэл хомс байдаг. Тэрбээр охин Мариятайгаа уулзахаар өнгөрсөн жил Нидерландад айлчилсан гэдэг ч үүнийг хэвлэлийн ажилтнууд нь үгүйсгэсэн юм. Мариягийн голланд найз залуу “Газпром”, “Стройтрансгаз” компанид ажиллаж байсан мэдээ бий.
Г.ДУЛАМ