Тайванийн Пэнху арлын Магун нисэх онгоцны буудалд газардах байсан зорчигч тээврийн онгоц буудлын ойролцоо Матмо хар салхинд өртөн, осолджээ. Онгоцонд нийт 58 хүн явснаас 48 нь амиа алдсан байна. Амьд үлдсэн 10 хүний зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Зорчигчдын дунд Францын хоёр иргэн байсан мэдээ байна. Онгоц “TransAsia Airways” компанийнх бөгөөд ATR-72 нислэгийн дугаартайгаар Тайванийн өмнөд хэсэгт орших Гаошюн хотоос Пэнху арлыг чиглэн ниссэн аж. Хар салхинд өртөх үедээ онгоц 1600 гаруй метрийн өндөрт нисэж явсан гэнэ.
Шинжээчдийн таамаглаж буйгаар онгоцны ахмад хар салхинаас сэргийлж, хоёр ч удаа газардах гэж оролдоод бүтэлгүйтсэн бололтой. Онгоц Магун буудлын ойролцоох Сиши сууринд осолдсон бөгөөд суурингийн оршин суугчид осолд өртсөн мэдээлэл одоогоор алга. “TransAsia Airways” нь Тайванийн дотоодод болон Зүүн өмнөд Ази, Хойд Азийн орнууд руу нислэг үйлддэг хувийн компани аж. Энэ нь 12 жилийн дараа Тайванийн нутагт болсон, хамгийн олон хүн амь үрэгдсэн онгоцны осол болж байна. 2002 оны тавдугаар сард “China Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц мөн Пэнху арлын орчимд сүйрч, 225 хүн амь үрэгдсэн юм.