-Босогчдын тэргүүн BBC-д ярилцлага өгөв
Зүүн Украин дахь зэвсэгт босогчдын тэргүүн Александр Бородай барууны хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа ийн мэдэгдлээ. Тэрбээр BBC агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа Малайзын иргэний агаарын тээврийн МH17 нислэгийн дугаартай онгоцыг сөнөөс өнд холбооны засаглалыг дэмжигчдийг буруутгаж байгаа нь “булай гүтгэлэг” хэмээгээд “Бидэнд пуужин харвагч бүү хэл пуужин ч байхгүй” гэжээ.
А.Бородай босогчдын тунхагласан Донецкийн бүгд найрамдах улсын Ерөнхий сайд юм. Тэрбээр Украин болон АНУ-ын албаныхны дэлгэсэн баримт сэлтийг “хуурамч” гэсэн байна. Эдгээр улсын Тусгай албаныхан босогчдын харилцан яриа бүхий аудио бичлэг, хиймэл дагуулаас авсан пуужин харвагчийн зураг зэргийг дэлгэж, “Босогчид Малайзын онгоцыг устгасан нь баттай” гэж мэдээлж буй. А.Бородайн хэлснээр амь үрэгдэгсдийн цогцсыг ослын газраас зөөвөрлөхөд хугацаа алдсан, тэдэнд хүндэтгэлгүй хандсан зэрэг мэдээлэл ч үндэслэлгүй гэнэ.
“Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагынхан л биднийг цогцоснуудад гар хүрч болохгүй гэсэн. Бид олон улсын шинжээчид ирэхийг бүтэн гурав хоног хүлээсэн. Гэтэл Украины Зэвсэгт хүчнийхэн л тэдний замыг хаасан байсан шүү дээ” гэж А.Бородай ярьсан байна. Түүний хэлснээр босогчид гэмгүй хүмүүсийг хөнөөсөн бол онгоцны хоёр хар хайрцгийг шинжээчдэд амар өгөхгүй байсан гэнэ. Хар хайрцгуудыг хүлээж авсан Малайзын шинжээчид тэдгээрийг сэвгүй, бүрэн бүтэн байсан гэж мэдээлсэн билээ. Энэ зуур амь үрэгдэгсдийн цогцсыг эх нутагт нь аваачих ажил үргэлжилж байна.
Амь үрэгдсэн голланд иргэдийн 40-ийнх нь цогцсыг тээсэн Нидерланд, Австралийн тус бүр нэг онгоц Нидерландын Эйндховен хотод газарджээ. Дараагийн хоёр онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө тус хотод бууна. Энэ сарын 17-нд Украины зүүн хэсэгт осолдсон Малайзын “Боинг-777” онгоц нислэгийн багийн 15 гишүүн, 283 зорчигчтойгоор Амстердам хотоос Куала-Лумпурыг чиглэн явсан юм.
Г.ЛХАГВА