Хүн амын олонх нь исламын шашинтнууд болох дэлхийн хамгийн том улс, ардчилсан засаглалтай орнуудаас хүн амынхаа тоогоор гуравт ордог Индонез түүхэндээ анх удаа ард гаралтай Ерөнхийлөгчтэй боллоо. Индонезчууд лхагва гаригийн өглөө сэрэхдээ өмнө нь дуулдаж байгаагүй сонин, сайхан зүйл сонссон нь цэрэг армийн болон улс төрийн элитүүдтэй холбоогүй Жоко Видодо Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай мэдээ байв.
Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо Жакарта хотын захирагч Ж.Видодо болон Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн, түүний хамтрагч Юсуф Калла нарыг “Урьдчилсан дүнгээр сонгогчдын 53 хувийн санал авсан” гэжээ. Харин түүний гол өрсөлдөгч, армийн генерал асан Прабово Субианто болон түүний хамтрагч Хатта Ражаса нар тэднээс найман сая санал дутуу авсан аж. Индонезийн улс төрд ноёрхдог нэр, нөлөөтэй бусад хүнтэй харьцуулахад хөдөө нутагт ядуу тарчиг өссөн, олны танил хүмүүстэй холбоо сүлбээгүй гэдгээрээ ялгардаг Ж.Видодо тавилга үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 10-аадхан жилийн өмнө төрөлх суурингийнхаа захирагч болж, улс төрд хөл тавьжээ.
Сайн дурын ажилд идэвхийлэн оролцдог, энгийн төрх байдал, илтгэх чадвар нь олны сэтгэлийг татдаг зэргээр нь түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай адилтгах нь бий. Б.Обаматай адил 1961 онд төрсөн Ж.Видодогийн ялалтыг ажиглагчид Индонезийн улс төр эрүүлжиж, эрийн цээнд хүрч буйн илрэл гэж үзэж байна. Сидней хот дахь Лови хүрээлэнгийн Зүүн Ази судлалын тэнхимийн мэргэжилтэн, улс төр судлаач Эрон Коннелли “Тав, зургаахан жилийн өмнө түүн шиг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн бол олон хүн гайхах байлаа. Үр хүүхдээ төрийн тэргүүн болоосой гэж хүсдэг хүн энэ улсад хуруу дарам цөөхөн” гэж ярив. Харин нийтийн харилцааны сайтуудын ачаар Индонезийн ард иргэд, тэр дундаа залуус улс төр сонирхох болж, сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстойгоо ойлгосон гэж тэр үзэж байна.
Сонгогчид цахим сүлжээг өргөн хүрээнд хэрэглэсний дүнд энэ удаагийн сонгууль Индонезийн орчин цагийн түүхэн дэх хамгийн нээлттэй, ардчилсан сонгууль болов. Гэхдээ алдаа мадаггүй байгаагүй бөгөөд Ж.Видодогийн өрсөлдөгч П.Субианто “Санал хураах нэг бус цэгт будлиан гарсан”, “Саналын хуудсыг дахин тоолуулна”, “Дээд шүүхэд хандана” гэх зэргээр гомдоллоод байна. Гэвч ард иргэд болон албаныхны хэн хэн нь түүнийг ялагдлаа хүлээхийг шаардаж буй. П.Субиантогийн хамтрагч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Ражаса экс генералын зарласан сүүлийн хэвлэлийн хурлын үеэр харагдаагүйгээс үзэхэд тэр ч гэсэн “босс”-оо сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байгаа бололтой.
Ард олондоо Жокови гэгддэг Ж.Видодо Жакарта хотын төвд хэдийнэ ялалтаа тэмдэглэсэн бөгөөд сонгогчдын итгэлийг алдахгүй гэдгээ амлаад байна. Түүний хувьд хамгийн хүнд шалгуур нь Зүүн өмнөд Азидаа хамгийн томд тооцогддог улсынхаа эдийн засгийг өсгөж, шатахууны асуудлыг шийдвэрлэх юм. Тус улс шатахууны үнийг барьж, иргэдийнхээ ачааг хөнгөлөхийн тулд жилд дунджаар 20 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэ нь Индонезийг хамгийн хямд шатахуунтай орны нэг болгосон ч улсын төсөвт жил ирэх бүр хүндрэл учруулах болжээ. Үүнээс гадна олон улсад Индонезийн нэр хүндийг өсгөх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэсэн амаргүй даалгавар шинэ Ерөнхийлөгчид оногдоно. Юутай ч түүний ялалт тус улсын 18300 гаруй арлын дээр ардчиллын туяа тусгав. Тэр нь цэлмэг сайхан өглөөгөөр солигдохыг дэлхий нийт хүлээж байна.
Г.ЛХАГВА