“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулснаас үүдэн О.Есүгэн, Н.Баяраа нарын эрх зөрчигдсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тодруулбал, тэд буудлагын 50 метрийн 3х20 дасгалд “Парис-2024” олимпод оролцох эрхээ авсан. Нэг дасгалд оролцох эрх авахад бусад төрөлд ч буудах боломжтой байдаг. Гэтэл МҮОХ-ныхон тэдний мэдүүлгийг Олон улсын буудлагын холбоо руу илгээхдээ дутуу бөглөснөөс 10 метрийн хийн урт бууны төрөлд оролцох эрх нь хязгаарлагдаад байв. Буудлагын тамирчин О.Есүгэн анх цахим сүлжээгээр дамжуулан уг асуудлын талаар мэдээлсэн нь олон нийтийн сонорт хүрсэн юм.
Харамсалтай нь, МҮОХ-ныхон удаа дараа хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгөхдөө Монголын буудлага спортын холбооныхон л тамирчдынхаа мэдүүлгийг дутуу илгээсэн хэмээж, бурууг өөрсдөөсөө зайлуулж байлаа. Гэсэн ч О.Есүгэн болон олон нийт тус хорооныхонд энэ талаар байнга сануулж, асуудлыг нэн яаралтай шийдэхийг шаардсаны үр дүнд МҮОХ-ноос тамирчдын мэдүүлгийг засуулж, бүх дасгалд өрсөлдүүлэхээр Олон улсын буудлагын холбоонд хандсан аж.
Олон улсын буудлагын холбоо манай улсаас тавьсан хүсэлтийг нааштай хүлээн авч, буудлагын тамирчдыг боломжтой бүх төрөлд нь өрсөлдүүлэхээр болсон гэнэ. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр энэ талаар “Асуудал гарсан цагаас хойш Олон улсын буудлагын холбоотой харилцаатай байж, Зохион байгуулах хорооноос зөвшөөрөл авч чадсанаар тамирчид бүх дасгалдаа оролцохоор боллоо” хэмээн цахим хуудсандаа бичсэн байв.
Үнэн хэрэгтээ О.Есүгэн эл асуудлыг олон нийтийн сонорт хүргээгүй бол МҮОХ ийм хичээл зүтгэл гаргахгүй, эцсийн дүндээ тамирчин хохироод үлдэх байлаа. Монголын буудлага спортын холбооныхон ч үүнийг баталж, “Ямар ч үед эцсийн мөч хүртэл тэмцэх л ёстойгоо МҮОХ ойлгосон байх. Бид хэлж, бүх газар луу бичиж, ярьж, асуудал үүсгээгүй бол тэмцээндээ орж чадахгүй байлаа” гэж мэдээлэв.
Бэлтгэсэн М.Оч