Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.6-д “нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ" мөн хуулийн 30.2-д “нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” хэмээн заасан.
Монгол Улс 1992 оноос хойших УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор эрэгтэй гишүүд 544, эмэгтэй гишүүд 64 байсан. Хамгийн их буюу түүхэн дээд амжилт нь 2016, 2020 оны сонгуулиар нийт 13 эмэгтэй буюу 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Монгол Улсын хүн амын 51 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 50 орчим хувийг, сонгогчдын насны хүн амын 50 гаруй хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшинд бодит оролцоог нэмэгдүүлэх замаар монгол хүний амьдралын чанарт ахиц гаргах, улс орны хөгжлийн замыг хурдасгах түүхэн хариуцлагатай цаг үеийг илтгэж байна.
Иймд Монгол Улсын ардчилсан парламентын түүхэнд хамгийн бага, хангалтгүй сонгогдсоор ирсэн эмэгтэй нэр дэвшигчдийг онцлон хүргэж байна.
Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо