Европын АШТ-ий дөрөв дэх өдөр хоёр топ багийн тоглолт тэс өөр дүнгээр дуусав
- Румын-Украин 3:0
- Гоол: Станчу 29, Марин 53, Драгуш 57,
Украины хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг үеийн нэг энэ удаагийн “Евро”-д оролцохоор ирсэн. 2000 онд хэсгийн сүүлийн тоглолтдоо Английг ялж, Европын АШТ-ий түүхэн дэх цор ганц ялалтаа байгуулсан даруухан Румынийн багийг Премьер лиг, Ла Лигийн оддоос бүрдсэн Украины шигшээ ялах нь бараг тодорхой байлаа. Гэвч талбай дээр байдал өөрөөр эргэв.
Украины багийн хамгаалагч, хаалгачийн алдааг ашиглаж Н.Станчу 29 дэх минутад гайхалтай цохилтоор тооны харьцааг нээсэн агаад хоёрдугаар хагаст мөн л хаалгачийн буруутай үйлдлийг нь өршөөлгүй хоёр дахь бөмбөгөө орууллаа. Шоконд орсон өрсөлдөгчдөө Румын сэргэх боломж өгөлгүй ердөө дөрвөн минутын дараа гурав дахь гоолоо хийснээр ялалтаа баталгаажуулсан юм. Ийнхүү тэд том тэмцээнд хамгийн давамгай ялалтаа байгуулж, хэсгээсээ гарах бүрэн боломжтойгоо харууллаа.
- Бельги-Словак 0:1
- Гоол: Шранц 7,
Д.Тедескогийн удирдсан 14 тоглолтод нэг ч ялагдаагүй Бельгийн шигшээ долоо дахь минутад гоол алдсанаар нээлтийн тоглолтдоо хожигдлоо. Ж.Докугийн муу дамжуулалтыг өрсөлдөгч нь ашиглан хэсгийнхээ топ багийг буулгаж авсан юм. Гэхдээ тоглолтын ихэнх хугацаанд “улаан чөтгөрүүд” давамгайлж, гоол оруулах хэд хэдэн боломж үүсгэсэн ч аз, эз тэдний талд байсангүй. Ялангуяа шигшээ багийн мэргэн бууч Р.Лукаку нь эхний хагаст гоолын хоёр боломжоо алдаж, хоёрдугаар хагаст ахин хоёр гоол оруулсан ч шүүгч тооцсонгүй. Хэрэв тэд ийн азгүйтээгүй бол ядаж тэнцээтэй хоцрох байлаа. Ийнхүү “Е” хэсгийн нөхцөл байдал тун сонирхолтой болж ирэв. Хэсэгтээ “хомоол хамах” нь тодорхой гэгдэж байсан хоёр баг хүснэгтийн эхний байруудад бичигдэж байна. Дараагийн тойрогт Бельгийн баг Украиныг сөрөг довтолгоогоороо буулгаж авсан, словакуудтай ижил тактиктай Румынтэй тоглох юм. Уг тоглолт хэсгээсээ аль баг гарахад маш их нөлөө үзүүлэх “галзуу” тоглолт болох нь гарцаагүй.
- Австри-Франц 0:1
- Гоол: Вебер 38, (автогоол)
2022 оны зургаадугаар сард Үндэстнүүдийн лигт таарч тоглоход өөрсдөөс нь оноо салгаж байснаас гадна Р.Рангникийн удирдлагад тун сайн тоглож буй Австри хэмээх тун эвгүй өрсөлдөгчтэй Франц таарсан. Угаас “Евро-2024”-д түрүүлэх таамагтай ирсэн “гурван өнгөтнүүд” хэсгийн эхний тоглолтдоо хожигдох эрхгүй байлаа.
Тэд эхний хагаст илүү тоглосон ч гоол оруулах довтолгоо бараг үүсгэсэнгүй. Өрсөлдөгч нь мөн үе үе сөрөг довтлохоос гадна хамгаалалтдаа сайн тоглож байв. Тийм ч учраас Францын багийн гоол бараг санамсаргүй нөхцөл байдлаас автогоол болж орсон юм. Ийнхүү Францын шигшээ хэрэгтэй гурван оноогоо өвөртөлсөн ч багийн гол од К.Мбаппе эсрэг багийн хамгаалагчийн мөрийг мөргөснөөр хамраа хугалж талбайг орхив. Тэрбээр дараагийн тоглолтыг өнжиж ч магадгүй юм. Францын баг гурав хоногийн дараа Нидерланд хэмээх хатуу самартай тоглох учиртай.