Дасгалжуулагч, ОУХМ Ж.Загасын нэрэмжит модон бөмбөгийн УАШТ Төв аймгийн Зуунмод сумд боллоо. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан багийн нийт 100 гаруй тамирчин оролцов. Дээрх тэмцээнд “Залуу од” спорт клубийн дөрвөн багаас гадна Дархан-Уул аймаг, Багануур, Улаанбаатар, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, Говь-Алтай, МУБИС, “Стар гольф” клуб зэрэг нийт 11 байгууллагын тамирчид цохилтын эмэгтэй, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, баг, холимог хос, талбайн цохилтын ганцаарчилсан болон багийн гэсэн долоон төрөлд өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд “Мон-Алтиус” дээд сургуулийн тамирчин З.Байтагсүрэн 167, эмэгтэйчүүдийнхэд “Залуу од” клубээс ОУХМ Б.Оюунтуяа 168 оноогоор түрүүлж, шилдэг тоглогчоор шалгарав. Холимог хосын төрөлд С.Сумьяа, У.Нарантунгалаг нар 57 оноогоор алтан медаль зүүсэн юм. Эрэгтэй хосын төрөлд 58 оноогоор “Багануур ХК” багаас Г.Төмөрбаатар, М.Хүрэлмөнх нар тэргүүлсэн. Эмэгтэй хосынход 49 оноогоор “Залуу од” клубээс Б.Хишигжаргал, Э.Аюурзана нар аваргаар тодров.
Талбайн цохилтын ганцаарчилсан тэмцээнд шилдэг эрэгтэй 32 тамирчин өрсөлдсөнөөс “Дархан” багийн Б.Билгүүндалай, Эмэгтэйчүүдээс “Залуу од” клубийн Б.Оюунтуяа тэргүүн байр эзэлжээ. Эрэгтэйчүүдийн багийн талбайн цохилтын тэмцээнд найман баг хасагдах системээр тоглосноос эхний гурван байрт “Залуу од” клуб, “Мон-Алтиус” дээд сургууль, “Багануур ХК”-ийнхан шалгарав. Эмэгтэйчүүдийнхэд“Дархан”, “Залуу од”, “Багануур ХК”-ийн тамирчид шилдгээр шалгарчээ.
Талбайн цохилтын тэмцээн баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон байна. Цохилтын тэмцээний багийн төрөлд эрэгтэйчүүдээс 452 оноогоор Г.Санзайдорж ахлагчтай “Залуу од” клубийнхэн алт, 498 оноогоор ОУХМ Б.Мөнхбат ахлагчтай “Багануур ХК”-ийнхан мөнгө, 477 оноогоор ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу од” клуб, 510 оноогоор Г.Сугарбаяр ахлагчтай “Мон-Алтиус” дээд сургуулийн баг хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдээс 510 оноогоор Б.Оюунтуяа ахлагчтай “Залуу од” -ынхон тэргүүлж, 539 оноогоор Б.Цэрэндулам ахлагчтай “Багануур ХК”-ийнхан аман хүзүүдэж, 567 оноогоор Х.Өлзийбадам ахлагчтай “Залуу од”, 592 оноогоор Э.Цэнгүүл ахлагчтай “Дархан” багийнхан III байрт жагслаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, спортын мастер Э.Энх-Алдар ахлагчтай “Залуу од” клубийнхэн 48 оноогоор түрүүллээ. Тус тэмцээнд шилдгээр шалгарсан тамирчид БНСУ-д наймдугаар сард болох Азийн элсний аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, аравдугаар сард БНХАУ-д зохион байгуулах ДАШТ-д оролцоно.