Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхнаас 10 тамирчин Парисын олимпын наадмын дэвжээнд хүч сорих эрхээ авсан. Эмэгтэйчүүдээс дэлхийн аварга Б.Баасанхүү 48, ОУХМ Л.Сосорбарам52, Л.Энхрийлэн 57, О.Хүслэн -78, А.Адъяасүрэн +78 кг-ын жинд зодоглох нь. Эрэгтэйчүүдээс Э.Ариунболд60, Ё.Басхүү 66, Б.Эрдэнэбаяр 73, Б.Гончигсүрэн -100, О.Цэцэнцэнгэл+100 кг-д өрсөлдөнө. Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, гишүүд болон шигшээ багийн дасгалжуулагчид 66 кг-д Ё.Басхүүг сонгосон. 73 кг-д барилдах байсан Ц.Цогтбаатар бэртлийн улмаас өнжиж, түүний оронд ОУХМ Б.Эрдэнэбаяр Францад хөл тавихаар болжээ. Манай жүдочид ӨМӨЗО-ы Хөх хотод олимпын бэлтгэлээ 20 хоног базаах нь. Үүний дараа “Баянгол ресорт”-д сэргэлтийн бэлтгэлд хамрагдах юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлаж, Олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг энэ сарын 25-нд танилцуулна.