Казахстан улсын Алматы хотод болсон дугуйн спортын Азийн АШТ-ий өсвөр үе, залуучууд, элит ангилалд Монголын үндэсний шигшээ багийн 12, мастер ангилалд 10 тамирчин хурд сорив. Тэднээс мастер ангиллын 60-64 насныхны эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаанд ОУХМ Д.Энх-Од түрүүлж, Азийн аваргаар тодорлоо. Эл насныхны ангилалд өрсөлдсөн Г.Анхбаяр мөнгө, Д.Энхтайван хүрэл медаль гардсан юм. Түүнчлэн 65-69 насныхны ангилалд спортын мастер Г.Дэлгэрсайхан шагналтнуудын тоог ахиулж хүрэл, 70-79 насныхад ОУХМ Т.Пүрэвдорж мөнгөн медаль зүүжээ.
Эмэгтэйчүүдээс 45-49 насныхны ганцаарчилсан цуваа гараатай 16 км-ийн зайд “Номадик” клубийнхнээс Д.Эрдэнэтуяа IV байр эзэлсэн байна. Өсвөр үеийн хөвгүүдийн ганцаарчилсан цуваа 20 км-ийн гараанд “Хубилай хаан” клубийн тамирчин Э.Сайханбилэг 11, эрэгтэйчүүдийн 23 хүртэлх насныхны ангилалд ОУХМ А.Даваажаргал 17 дугаар байрт оров. Элит ангилалд эрэгтэйчүүдээс дэлхийн аварга Б.Тэгшбаяр, Азийн хүрэл медальт С.Жамбалжамц, эмэгтэйчүүдээс Ж.Анужин уралдах нь.