“Парис-2024” олимпын наадам эхлэхэд 50 хоног үлдлээ. Үүнийг тохиолдуулан баасан гарагт Францын нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагт Олимпын таван цагаригийг байрлуулжээ. Дахин боловсруулсан гангаар хийсэн 29х13 метрийн хэмжээтэй цагаригуудыг Эйфелийн цамхгийн урд талд буюу Сена мөрөн рүү харуулан байрлуулсан байна. Цагариг тус бүр нь 9 метрийн диаметртэй. Нийт 30 тонн жинтэй Олимпын цагаригийг өргөхөд хоёр том кран ашиглаж, цамхгийн нэг болон хоёрдугаар давхрын хооронд байрлуулав. Олимпын цагаригийг орой бүр гэрэлтүүлэхийн тулд 100 мянган ЛЕД гэрэл суурилуулсан.
Мөн Эйфелийн цамхгаас авсан ган хэлтэрхийнүүдийг олимп, паралимпын медалиудад шигтгэж өгөв. Парисын олимп ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд тус тус болно.