“Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч Б.Очирваань зургадугаар сарын 9-ний өдөр 17.00 цагт Манчестераас хөдөлнө. Тэрбээр Истанбулаар дамжин зургадугаар сарын 11-ны өглөө 07:00 цагт Монголдоо буух аж. Нисэх дээр буугаад хурдны зам дуустал машинаар, Нисэхийн тойрогоос талбай хүртэл дугуйгаар явна. Нисэхийн тойргоос эсвэл төв талбай хүрэх замаас дугуйтай иргэд нэгдэх боломжтой. Улмаар дугуйтай парад үүсгэж, “Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагууд маань харуулахг, дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгуулах”-ыг зорьжээ. Дугуй бол байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай гээд олон давуу талтай.
Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийг шүтэн биширдэг Б.Очирваань 2023 оны тавдугаар сард Манчестер хотыг зорьж, ганцаархнаа дугуйгаа жийгээд Монголоос хөдөлсөн юм. Олд Траффорд цэнгэлдэхэд хайртай багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр 20 улсаар дамжиж, 14,000 километр замыг туулсны эцэст зорьсондоо хүрсэн билээ.