Сүүлийн хэдэн жилийн турш яригдан нэгэн супер солилцоо биеллээ олж, франц довтлогч К.Мбаппе Испанийн “Реал” багт албан ёсоор ирлээ. Бага наснаасаа “Эзэн хааны баг”-ийг дэмжсээр ирсэн Килиан ийнхүү олон жилийн дараа мөрөөдлөө биелүүлж байна.
13 НАСТАЙДАА “РЕАЛ”-ЫГ ЗОРИХ ДӨХӨВ
13 нас хүрэхэд нь Килианы амьдрал эрс өөрчлөгджээ. Аавынхаа ажилладаг байсан “Бонди” хэмээх даруухан багаас Францын элит сургалтын төвүүдийн нэг болох “Клерфонтен” руу К.Мбаппе шилжив. Үүнээс хэдэн сарын дараа бүр ч гайхалтай зүйл тохиож, сурагч хүүг “Реал”-ын спортын академийн захирал агуу З.Зидан урьж, багтаа шалгуулахыг хүсжээ. Мэдээж ийм урилгад хэн татгалзах билээ.
К.Мбаппег Мадридын нисэх буудал дээр З.Зидан өөрөө тосож, хүндлэл үзүүлэв. “Зидан бид нарыг зогсоол дээр машин дотроо хүлээж байсан. Үнэхээр гоё машин байсныг нь сайн санаж байна. Мэндэлсний дараа тэр намайг багийн бэлтгэл рүү хүргэжөгье гэсэн. Тэр урд суудлаа заагаад “Алив суучих” гэсэн юм. Тэр үед миний хамаг бие хөшөөд “Гутлаа тайлах уу?” гэж асуусан юм даг. Инээдтэй юм, яагаад тэгж асууснаа одоо ч мэддэггүй. Зизугийн машин болохоор л тэр болов уу. Намайг их инээдтэй юм асуусныг тэр мэдэж байсан ч даруухнаар “Мэдээж хэрэггүй, шууд суу” гэж хэлээд намайг бэлтгэлийн талбай руу аваачсан. Бондигоос ирсэн би Зизугийн машинд сууж байна гэсэн бодол тэр үед надаас салаагүй. Үнэхээр итгэмээргүй. Яг л зүүдэлж байгаа мэт санагдаж байлаа” хэмээн К.Мбаппе дурсжээ.
Авьяаслаг сурагч хүүд гэрээ байгуулахсанал тавихыг З.Зидан хүссэн ч “Реал” түүнийг авахаа хойшлуулахаас өөр аргагүй болжээ. Учир нь 14 настай хүү нь төрөлх гэрээ орхиж явахад хэт эрт байна гэж эцэг, эх нь үзсэн агаад улмаар “Монако”-гийн академид оруулж, Килиан энд дэлхийн хэмжээний од болон өсөж хөгжсөн юм.
“Бага насандаа гэрээ орхихыг хүсээгүй. Тэгээд ч Мадридад ирээд надад ашигтай зүйл гарахгүй байсан биз. Сайндаа л сэлгээнд суух байсан. “Монако”-г сонгосноо зөв гэж боддог” гэж Килиан өгүүлжээ.
ЭЦСИЙН МӨЧИД ПСЖ ӨРСЛӨӨ
К.Мбаппе 18 насандаа “Аваргуудын лиг”- ийг байлдан дагуулснаар “Реал”-ын сонирхол дахин сэргэв. Тэрбээр 2016-2017 оны улирлаас гарааны бүрэлдэхүүнд баттай багтах болсон агаад бүх тэмцээний хүрээнд 46 тоглолтод 28 гоол оруулж, 14 гоолын дамжуулалт өгч өөрийгөө хэн болохыг нотлон харууллаа. Багаа “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгаруулснаас гадна шигшээ багтаа анх удаа тоглож, Францын дээд лигийн шилдэг залуу тоглогчоор хүртэл нэрлэгдэв.
Чухам энэ үед ийм сод авьяастныг багтаа олон жил тоглуулах боломжгүйг “Монако” ойлгожээ. Түүнийг авах боломжтой гол баг нь “Аваргуудын лиг”-т хоёр жил дараалан түрүүлсэн, З.Зиданы удирдсан “Реал” байлаа. Түүнээс гадна дөрвөн жилийн өмнөх дуусаагүй харилцаа ч талуудын хооронд бий. Гэвч К.Мбаппе дахин нэг удаа Ф.Перест үгүй гэж хэлээд, Францын лигийн босоо аварга ПСЖ багт очлоо. Тус баг Испанийн багаас бараг хоёр дахин их цалин (нэг жилийн долоо болон 15 сая евро) амласан байна. Түүнээс гадна “Манчестер сити” багт очих боломж ч түүнд байсан гэдэг.
Гэхдээ К.Мбаппе тухайн үед эх орноосоо явах нь эртдэнэ гэж бодсоноос гадна дэлхийн шилдэг багуудын нэгточихоос өмнө онцгой амжилт үзүүлээгүй хэмээн өөрийгөө голсон гэсэн яриа бий. Ингээд солилцооны цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө “Монако” баг ПСЖ-тэй тохиролцсоноор Килианыг 180 сая еврогоор худалдаж авав. “Би Парисын хүн, эх орноосоо явахад арай эрт байна. Би эхлээд энд агуу тоглогч болох ёстой” хэмээн тухайн үед К.Мбаппе ярьж байлаа.
ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИАС
Тэрбээр Парисын багт долоон жил тоглосны эцэст чөлөөт агентын хувиар энэ удаад Испанийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд “Реал” түүнийг авахаар цуцалтгүй оролдож байсныг сануулъя. Килианы эхний гэрээ 2022 оны зун дуусах байсан агаад өмнөх зун нь “Реал” түүнтэй гэрээ байгуулахыг хичээсэн. Тэд франц залууг 160 сая еврогоор авах саналаа илгээсэн ч ПСЖ татгалзав. “Бид түүнийг хэзээ ч зарахгүй. Тэр хэзээ ч манай багаас үнэгүй явахгүй” гэж ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи тухайн үед мэдэгдэж байлаа.
Гэхдээ Килианыг ПСЖ-д 2022 онд үлдэнэ гэх баталгаа огт байгаагүй юм. Түүний гэрээний хугацаа дуусах тусам “Реал” руу явна гэсэн яриа хүчтэй өрнөж байлаа. Гэсэн ч тэрхүү таамаглал биелсэнгүй, улмаар К.Мбаппе 2022 оны тавдугаар сард гэрээгээ дахин хоёр жилээр сунгав. Учир нь түүнийг Парист үлдэхийг Францын Ерөнхийлөгч Э.Макрон биечлэн гуйсан юм.
Гэвч 2023 оны зун гэрээгээ сунгах эрхийг эдлэхгүй, улмаар чөлөөт агент болохоо К.Мбаппе зарласан. Ингэснээр өөрийнх нь араас 12 жил хөөцөлдсөн “Реал” багт очно гэдгээ албан бусаар илэрхийлсэн билээ. Ийнхүү “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг орчин цагийн дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг К.Мбаппе чимэхээр боллоо. Килиан ч бланкосын олон сая фанатын шүтээн болох нь дамжиггүй биз ээ.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар