Манай улсаас спортын найман төрөлд 30 тамирчин одоогоор “Парис-2024” зуны олимпод өрсөлдөх эрх аваад байгааг Биеийн тамир, спортын улсын хорооноос өчигдөр мэдээлэв. Тухайлбал, жүдо, чөлөөт бөх, буудлага, бокс, дугуй, хөнгөн атлетик, байт харваа, хүндийг өргөлтөөр манай тамирчид олимпод өрсөлдөнө. Эдгээрээс жүдогийн төрөлд хамгийн олон буюу 11 тамирчин оролцох аж. Эмэгтэй тав, эрэгтэй зургаан жүдоч олимпын эрх аваад буй юм. Түүнчлэн чөлөөт бөхийн найман тамирчин “Парис-2024”-т оролцохоор болсон. Уг төрөлд эмэгтэй тав, эрэгтэйчүүдээс гурван тамирчин хүч үзэх нь. Мөн буудлагын гурван тамирчин олимпод өрсөлдөнө.
Манай улсын хувьд олимпын топ төрлүүдийн нэгт зүй ёсоор бичигддэг боксоор энэ удаад эрэгтэй тамирчид эрх авч чадсангүй. 1972 оноос хойш олимпод тогтмол оролцсон эрэгтэй боксчдын буухиа ийнхүү тасарч байна. Эл төрөлд эмэгтэйчүүдээс О.Есүгэн, М.Энхжаргал нар олимпод оролцохоор болоод буй билээ. Уг нь эрэгтэйчүүдээс Б.Чинзориг “Ханжоу-2022” Азийн наадмаас алтан медаль хүртсэнээр Парисыг зорих эрхтэй болж байв. Харамсалтай нь, тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрснээр “Парис-2024”-т оролцох эрхгүй болсон юм.
Манай тамирчдын өрсөлдөх төрлүүдээс онцлох нэг нь яах аргагүй дугуйн спорт. Дугуйчдаас Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нар “Атланта-1996”-гаас хойш 28 жилийн дараа олимпод хурд сорих эрхийг эх орондоо авчирсан билээ. Үүнээс гадна “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлж, түүхэн амжилт үзүүлсэн, байт харвааны тамирчин Б.Отгонболдыг онцолъё. Тэрбээр байт харваачдаас одоогоор олимпод өрсөлдөх цорын ганц эрхийг аваад байгаа юм. Бусад харваачийн хувьд Турк улсын Анталья хотод энэ сарын 11-24-нд болох “Дэлхийн цом”-ын тэмцээнээс эрх авах боломжтой. Уг тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлагад найман тамирчин цэц сорих аж. Энэ нь байт харваачдын хувьд “Парис-2024”-т өрсөлдөх эрх авах сүүлийн тэмцээн нь юм.
Ташрамд дурдахад, “Токио-2020” олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Багийн дүнгээр манайх олон улсад 71, Ази тивдээ 14 дүгээр байрт бичигдэж байв.
Бэлтгэсэн М.Оч