Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт олон жил тоглосон, өдгөө Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирлын алба хашиж буй Б.Гарьдмагнай Азийн хөл бөмбөгийн холбооны про зэрэглэлтэй анхны дасгалжуулагч болов. Тэрбээр Монгол болон Катарын хөл бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдаж амжилттай төгссөнөөр ийнхүү өндөр зэрэглэл авчээ. Ингэснээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаас гадна улсдаа Азийн хөл бөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт явуулах эрхтэй болсон аж. Дохад дөрвөн үе шаттайгаар үргэлжилсэн уг сургалтыг хөл бөмбөгийн тактик, тамирчдын хоол зүй, тест болон анализ хийх аргачлалын хүрээнд онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулсан байна.