Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Эв санааны нэгдлээс “Милан, Кортина-2026” өвлийн наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл ОУОХ-ны Эв санааны нэгдэл нь олон улсын спорт холбоодтой хамтран тухайн улсын Үндэсний олимпын хороо, спортын холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны амжилтыг судалж үзсэний үндсэн дээр “Милан, Кортина-2026” өвлийн олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргажээ. Манай улсаас гүйлтийн цанын төрөлд “Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцсон Б.Ачбадрах, “Лозанна-2020” залуучуудын олимпод өрсөлдсөн О.Золбаяр, Т.Ариунболд, тэшүүрийнхнээс Б.Гэрэлтуяа нар хамрагдаж, тамирчин, спортын холбоо, Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ) гурвалсан гэрээ байгуулаад буй аж.
Өвлийн олимпын тэтгэлэг нь 2026 оны хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ. Тухайн тамирчин дөрвөн сар тутамд явцын тайлан мэдээг нарийвчлан гаргах бөгөөд үүнд үндэслэн дараагийн санхүүжилт олгох, эсэхийг ОУОХ-ноос шийдвэрлэх аж. Олимпын тэтгэлэгт дасгалжуулалтын зардал, өөрт тохирсон бэлтгэлийн танхимд нэвтрэх эрх, эрүүл мэндийн хяналт, шинжлэх ухааны үйлчилгээ, өвчлөл болон гэмтлийн даатгал, тэмцээний үеийн байр, хоол, өдөр тутмын хэрэгцээний зардал багтжээ. Мөн “Милан, Кортина-2026” олимпын эрх олгох тэмцээнтэй холбоотой зардалд зарцуулах юм байна.
Тэгвэл тэтгэлэгт хамрагдах тамирчин доорх шаардлагыг хангасан байх гэнэ. Үүнд өвлийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж, олон улсын түвшинд өрсөлдөх, мөн өвлийн олимпын эрх авах, цаашлаад медаль хүртэх ур чадвартай байх ёстой. Улмаар ОУОХ-ны Ёс зүйн код, Олимпын хартийг дагаж мөрдөх, сэргээшийн эсрэг тэмцэх, улирал тутамд бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон тайлан мэдээг МҮОХ, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоогоор баталгаажуулан Эв санааны нэгдэлд илгээх юм.
МҮОХ нь тамирчныг эрх олгох тэмцээнд оролцож байгаа, амжилтыг нь тайлагнах, “Милан, Кортина-2026” олимпын наадмын бүртгэлд хамруулах эрхтэй. Мөн тухайн тамирчны тэмцээний үр дүнг тогтмол хянаж, цаашид хөтөлбөрт хамрагдах, эсэхийг дүгнэх, тайлан мэдээг илгээх, санхүүгийн баримт материалыг хадгалах үүрэгтэй. Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар аж. Тамирчин дөрвөн сарын хугацаанд 3000 ам.долларын санхүүжилт авна. Тус санхүүжилтээс тамирчинд 2600, дасгалжуулагч, бэлтгэл хангагчид 300, спорт холбоонд 100 ам.доллар олгох юм байна. Хэрэв олимпын эрх авч чадаагүй, тайлан мэдээллээ цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ур чадвар буурсан, ёс зүйн болон сэргээшийн зөрчил гаргасан, холбогдох дүрмийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, тэтгэлгийг зогсоох журамтай.