“Милан Кортина 2026” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор цөөн тооны тамирчдад урт хугацааны хөрөнгө оруулалт болгон Тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой талаар мэдээлсэн билээ. Тэтгэлэгт хамрагдах тамирчин доорх шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Өвлийн ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадвартай элит тамирчин байх
- Өвлийн олимпын наадмын эрх авах, цаашлаад Олимпын медаль хүртэх ур чадвартай байх
- Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ёс зүйн код, Олимпын Хартийг дагаж мөрдөх, допингийн эсрэг тэмцэх
- Улирал тутам бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцсон тухай тайлан мэдээг МҮОХ, МЦХ, МТХ-гоор баталгаажуулан Эв санааны нэгдэлд илгээх
ОУОХ-ны эв санааны нэгдэл нь Олон улсын спорт холбоодтой хамтран тухайн улсын ҮОХ, спорт холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны спортын амжилтыг судалж үзсэний үндсэн дээр “Милан Кортина 2026” Олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шийдвэр гарч тамирчин, спортын холбоо болон МҮОХ гэсэн гурвалсан гэрээ байгуулаад байна.
Манай улсаас доорх нэр бүхий тамирчид сонгогдоод байна. Үүнд: Гүйлтийн цана 1. Б. Ачбадрах- “Пёнчан 2018”, “Бээжин 2008” Олимпын наадам 2. О. Золбаяр- “Лозанн 2020” залуучуудын өвлийн олимпын наадам 3. Т. Ариунболд Тэшүүр 4. Б. Гэрэлтуяа Олимпын тэтгэлэг нь 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Тамирчин олимпын эрхээ авсан тохиолдолд МҮОХ-ноос баталгаажуулснаар 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтой.
Тамирчин нь 4 сар тутамд явцын тайлан мэдээг нарийвчлан гаргаж өгөх бөгөөд тайлан мэдээг үндэслэн дараагийн санхүүжилтийг олгох эсэхийг ОУОХ-ноос шийдвэрлэнэ. Олимпын тэтгэлгийг дасгалжуулалтын зардал, өөрт тохирсон бэлтгэлийн танхимд нэвтрэх эрх, эрүүл мэндийн хяналт, шинжлэх ухааны үйлчилгээ, өвчлөл болон гэмтлийн даатгал, тэмцээний үеийн байр, хоолны зардал, өдөр тутмын хэрэгцээ шаардлага болон “Милан Кортина 2026” олимпын эрх олгох тэмцээнтэй холбоотой зардлуудад зарцуулах боломжтой.
МҮОХ нь тамирчныг эрх олгох тэмцээн уралдаанд оролцож байгаа эсэх, эрх олгох тэмцээнд тамирчны үзүүлсэн амжилтыг тайлагнах, “Милан Кортина 2026” олимпын наадмын бүртгэлд хамруулах эрхтэй ба тухайн тамирчны тэмцээний үр дүнг тогтмол хянаж цаашид хөтөлбөрт хамрагдах эсэхийг хянах, тайлан мэдээг илгээх, санхүүгийн баримт материалыг хадгалах үүрэгтэй байна. Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар байх ба 4 сарын хугацаанд 3000 ам.доллар санхүүжилт авах болно.
Тус санхүүжилтийг тамирчин 2600 ам.дол, дасгалжуулагч/бэлтгэл хангагч 300 ам.дол болон холбоонд 100ам.дол олгохоор хуваарилагдсан байна. Хэрэв Олимпын эрхээ авч чадаагүй, тайлан мэдээллээ цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ур чадвар буурсан, ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан, холбогдох дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, тэтгэлгийг зогсоох журамтай.