С.Жамбалжамц Б.Тэгшбаяр
Монголын дугуйн спортын шигшээ багийнхнаас ОУХМ С.Жамбалжамц өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон “Ханжоу-2022” Азийн наадамд хүрэл медаль хүртсэнээр “Парис-2024” олимпын бөөн гараат уралдаанд оролцох эрх авсан билээ. Тэрбээр Узбекистан улсад энэ сарын 27-нд эхлэх “Тоur of Bostonlig” олон өдрийн тэмцээнд дугуйн тойрог замын (трак) залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаярын хамт оролцоно. Энэ удаагийн уралдаанд тэдний хэн нь амжилттай өрсөлдсөнөөс шалтгаалж 33 дахь удаагийн зуны олимпын наадамд дугуйн ганцаарчилсан төрөлд хурд сорих нь. “Алдар” спорт хороогоор овоглодог Монголын хоёр тамирчин дээрх тэмцээнд дэлхийн хамгийн сүүлийн үеийн загварын дугуйгаар уралдах аж. С.Жамбалжамц АНУ-ын “S-works specialized”, Б.Тэгшбаяр Италид үйлдвэрлэсэн “Pinarello” брэндийн дугуйг сонгожээ.
Ташрамд дуулгахад, Туркт болсон Олон улсын дугуйн холбооны хуваарьт багтдаг “Tour of Sakarya” олон улсын тэмцээнд Б.Идэрболд нийлбэр дүнгээр IV байр эзэлж, Монголын дугуйн холбоонд 20 оноо авчирснаар манайхан багаараа хүрэл медаль хүртэв.