“Парис-2024” зуны олимпын бамбар нь өлгий нутаг Эллада орноор буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор Газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүлэв. Орчин үеийн анхдугаар олимпын наадам сэргэн өрнөсөн 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэхэд 1000 гаруй усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50 000 хүн хуран цугласан байв. Ариун бамбарын буухиаг “Лондон-2012” олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду эхлүүлсэн бол нэрт хөл бөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, “Марсель” клубийн үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо нар үргэлжлүүллээ. Олимп эхлэхээс 100 хоногийн өмнө Грекийн Олимпиад ассан буухиа нь 79 хоногийн турш Францын зургаан арал, эх газрын 65 нутаг дэвсгэрийн 400 гаруй хот суурин газраар 12 000 км аялах юм. Түүнчлэн бамбарыг залах хүндэт үүргийг 10 000 хүн гүйцэтгэхээс хамгийн балчир нь 10, ахмад нь 107 настай байх аж. Корсикад хүрсэн бамбарыг олимпын хүрэл медальт, дэлхийн аварга жүдоч Присилла Гнето, мөн хөл бөмбөгийн “Бастия” клубийнхэнтэй 120 хүн залж гүйнэ.