Улаанбаатараас Британийн Манчестер хот хүртэл 19 улсаар дамжин, 14 000 км замыг дугуйгаар туулсны эцэст шүтэн биширдэг багийнхантайгаа уулзаж, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн Б.Очирваань цахим орчинд шуугиан тариад байна. Тэрбээр Английн “Манчестер найтед” багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийгийн шүтэн бишрэгч. Б.Очирваань агийнхантайгаа уулзахаар өнгөрсөн оны тавдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайгаас дугуйтай хөдөлсөн юм. Тэрбээр яг жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, “Олд траффорд” цэнгэлдэх хүрээлэнд хамгийн хайртай тоглогч, урам зориг өгөгч Уэйн Рүүнитэй гар барин уулзав. Энэ үеэр Уэйн Рүүни “Багт илгээсэн захидлыг тань уншиж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж, биечлэн уулзаад “Сайн байлаа” гэж хэлэхийг хүссэн юм. Чи тун гайхамшигтай амжилт бүтээлээ. Чи өөрөөрөө, юу хийснээрээ бахархах ёстой. Энэ үйл явдал олон хүнд урам зориг, итгэл найдвар өгнө байх” гэжээ.
Б.Очирваань “Туурга тусгаар эх орныхоо алтан соёмбот өрийн далбааг дэлхийд мандуулах амлалтдаа хүрсэн шүү. Монгол дээлээ өмсөөд, монгол хэлээрээ ярьж, Монголынхоо тугаа намируулав. Миний ард өдий хүртэл бат зогссон бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Ээж ээ, та бол миний хүсэл мөрөөдлийг үргэлж бадрааж, хамгаалж, хайрлаж, хүүдээ сайн хүн байж, хийж буй бүх зүйлдээ сэтгэлээ шингээхийг заасан юм шүү” гэж цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэрбээр мөн “Олд траффорд” бол үнэхээр сүр жавхлантай, гайхалтай өнгө төрхтэй, хөл бөмбөгийн ариун дагшин, сүнслэг цэнгэлдэх байсан. Үгээр тайлбарлахын аргагүй гайхамшигтай мэдрэмж” гэжээ.
Түүнийг аяллаа эхлүүлснээс хойш хоёр сарын дараа Премьер лигээс холбогдож, “Fan mail” гэдэг нэвтрүүлэгт оруулах санал тавьсан ажээ. Үүнд Б.Очирваанийн талаарх мэдээлэл Английн болон гадаадын сайтуудад олон гарсан төдийгүй мөрөөдлөө биелүүлэхийн тулд Монголоос дугуйгаар гарсан зоригтой алхам нь ихээр нөлөөлсөн гэнэ.
Ташрамд дуулгахад, Б.Очирваань 1997 оны гуравдугаар сарын 9-нд Төв аймгийн Баянцогт сумд төржээ. 13 настайгаасаа хөл бөмбөг сонирхож, хоёр жилийн дараагаас мэргэжлийн тамирчин болох зорилго тавьсан аж. “Манчестер найтед”-ын улаан өмсгөлтэйгөөр “Олд траффорд”-д тоглох хүсэл мөрөөдөл нь түүнийг ийн дэлхийд таниуллаа. Тэрбээр Wazza Bikepacking (MGL to Manchester) цахим хуудсанд аяллын зураг, бичлэг, тэмдэглэл оруулдаг юм байна. Тус хуудсанд “Анх хоёр жилийн өмнөөс Монголоос Манчестер хүртэл гүйнэ гэж бодож байлаа. эрэв гүйвэл намайг дагах баг, машин гээд олон зүйл хэрэгтэй байсан учраас төлөвлөгөөгөө өөрчилсөн. Ингээд зөвхөн миний итгэл, хичээл зүтгэлээс шалтгаалах замыг сонгож, дугуйгаар аялахаар болсон юм. Надад нэг ч удаа буцмаар, бууж өгмөөр санагдаж байгаагүй. Ялангуяа өдөр өдрөөр хамгийн ихээр очихыг хүссэн газар луугаа ойртож байсан тул зөвхөн урагшаа л харсан. Уулархаг болон өгсүүр замууд шандас сорьж байлаа. Хамгийн зочломтгой ард түмэн бол иран, перс хүмүүс байсан” хэмээн бичжээ.