Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Буянт ундарга Ди Эс” компаниас бэлтгэсэн үхрийн мах худалдаж авсан нэгэн иргэн хохирсон талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Тус компанийн бүтээгдэхүүний амт, чанар тааруу, малын шивтэр шингэчихсэн байсан. Хэрэглэх ямар ч аргагүй. Энэ талаар тус компанийнханд хэлэхэд “Манайх шинэ махаар бүтээгдэхүүнээ хийдэг” гээд тоогоогүй. Ийм амттай бүтээгдэхүүн дахиад хэдэн хэрэглэгчдэд хүрснийг мэдэхгүй. Гомдол гаргая гэхээр хүлээж авах газар алга” гэв.
Харин дээрх компанийнхнаас энэ талаар тодруулахад “Лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүнээ тогтмол шалгуулдаг. Бичиг баримтууд нь бэлэн бий. Одоогоор манай бүтээгдэхүүний талаар гомдол гаргасан хүн алга. Бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй тохиолдолд хохирлыг барагдуулах арга хэмжээ авдаг” гэлээ.
А.ДӨЛГӨӨН