Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифийн холбооныхон хамтран хүмүүжигчийн шатрын ДАШТ-ийг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Онлайнаар зохион байгуулдаг эл тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж, гурав дахь удаагаа дэлхийн аварга болов. Тус тэмцээнд манай улсын баг хэсгийн шатанд Энэтхэг, Казахстан, Гүрж, Киргиз зэрэг улсын шатарчдыг хожиж тэргүүлжээ. Улмаар хасагдах шатанд Латвийн багтай учраа таарч ялснаар хагас шигшээд румынчүүдийг хожсон байна. Аваргын төлөө Эль Салвадорын багийг ялсан аж. Эл тэмцээнд дэлхийн 60 орны 150 гаруй тамирчин өрсөлдсөн юм байна.
Тамирчдад их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүйн дэмжлэг үзүүлсэн гэнэ. Шатар нь дэлхийд хамгийн өндөр түвшинд хөгжсөн оюуны спортын төрөл. Анхаарал төвлөрлийг сайжруулах, сэтгэн бодох өндөр чадвар олгохын зэрэгцээ сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй гэнэ. Түүнчлэн шатрын спортын ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийнхан “Шатар таны амьдралд” хөтөлбөр боловсруулан бүх нийтийн сургалт, тэмцээн, уралдаан зохион байгуулахаар болжээ.
Э.СОНДОР