Цар тахлын дараах эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих бодлогын үр дүнд дэлхий дахинд ажил эрхлэлт, орлого нэмэгдэн, эдийн засгийн өсөлт шинжээчдийн тооцооллоос 3.2 хувиар давжээ. Гэвч 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл сүүлийн 20 жилийн түүхэн дунджаас бага түвшинд байх төлөвтэй гэнэ. Үүнд геополитикийн хурцадмал байдал, гео-эдийн засгийн хуваагдал, санхүүжилтийн зардлын болон бүтээмжийн өсөлт нөлөөлнө гэж дүгнэжээ. Харин манай улсад хөдөлмөрийн зах зээлийн төлөв сайжирч, өрхийн дундаж орлого нэмэгдсэн боловч хүнсний бус бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор өрхийн зарлага тэлж, нийт дүнгээрээ орлогоос давсан, сөрөг үзүүлэлттэй байгааг онцоллоо. Үүнээс үүдэлтэйгээр иргэд зарлагын зөрүүгээ зээлээр санхүүжүүлж, улмаар өрхийн секторын эмзэг байдал нэмэгдэх эрсдэл үүсжээ.
Банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийн хэмжээ 2019 оноос хойш тасралтгүй өссөөр буй бөгөөд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар энэ төрлийн зээлийн үлдэгдэл өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 49.3 хувиар өсөн, 4.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй иргэдийн тоо ч эрс нэмэгдэж, банкан дахь зээлийн үлдэгдэл өнгөрөгч оныхоос 44.2, банк бус санхүүгийн байгууллагынх 53.4 хувиар өсжээ.
Монгол Улс энэ оны эхний хагаст арилжааны болон хөнгөлөлттэй нөхцөлтэй зарим гадаад зээл, бонд, своп хэлцлийн гэрээний төлбөрийг барагдуулснаар гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч, валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрснийг тус тайланд тэмдэглэсэн байна.
Н.МИШЭЭЛ