“Шийдэлтэй уулзалт, цахим гарын үсэг” нээлттэй хэлэлцүүлгийг салбарын яамнаас төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөллийг хамруулан өчигдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдэд олгосон тоон гарын үсгийн хэрэглээ, тулгамдаж буй асуудал, ирээдүйн чиг хандлага, төрийн үйлчилгээний цахим системд тоон гарын үсгийг нэгтгэх зэрэг асуудлыг хөндөв.
УБЕГ-аас 2015 оноос хойш 1 127 388 иргэнд цахим гарын үсэг олгожээ. Нэг үеэ бодвол иргэд ийнхүү цахим, тоон гарын үсэг ашиглаж сурч буй гэнэ. Төр, хувийн хэвшлийнхэн ч ажил, үйлчилгээндээ цахим гарын үсгийг өргөн ашиглаж байгааг дээрх хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. Тодруулбал, төрийн үйлчилгээний egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn, docx.gov.mn-д цахим гарын үсгийг бүрэн нэвтрүүлсэн байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд эдгээр байгууллагын үйлчилгээг цахимаар, тоон гарын үсгээрээ дараалал, чирэгдэлгүй авдаг болжээ.
Олон улсад цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байгаа аж. Эл зах зээл нь орон зай, үндэстэн, ястнаас үл хамааран өргөн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломж олгодгоороо онцлогтой.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэлх хэтийн төлөв” судалгааны тайланг салбарын яамнаас танилцуулсан. Тус тайланд ирэх таван жилд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай өснө гэжээ. Тодруулбал, өнгөрсөн онд тус салбарын зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрсэн юм байна. Уг үзүүлэлт энэ оны эцэс гэхэд 8.67 тэрбумд хүрэх төлөвтэй. Тэгвэл 2034 он гэхэд эл зах зээл 39.3 хувиар өснө гэсэн тооцооллыг уг тайланд дурджээ.
Дэлхийд цахим гарын үсгийн үйлчилгээ нь Засгийн газар, банк санхүү, даатгал, батлан хамгаалах, эрүүл мэнд, газрын тос, байгалийн хий, тээвэр ложистик, судалгаа, боловсрол, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарт энэ мэт хүчээ авчээ. Үүний дотор Хойд Америк, Европ, Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад түгээмэл хэрэглэж буй аж.
Манай улсад ч цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, төрийн үйлчилгээний зохицуулалт, гар утас, интернэт төхөөрөмжийн хэрэглээ өсөж буйтай холбоотойгоор аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг тэлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон. Цаашлаад энэ нь Засгийн газрын гүйлгээ, цахим худалдаа, онлайн банк болон бусад алсын зайн бизнесийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэв.