Сангийн дэд сайд асан, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэв. Гэтэл дээрх хоёр хүн олон нийтийн сүлжээнд “Төлбөртэй мэдээгээр ч та хэд маань булуулж байгаа харагдана. Дуугарахгүй бол болохгүй нь. Эцэст нь бүр жаахан эмэгтэйг бүлэглэн зодсон болоод явчихлаа”, “Цагдаагийн байгууллага зөвхөн тэр эмэгтэй болон түүнтэй хамт явж байсан залуусын мэдүүлгээр энэ хэргийг шийдлээ. Иймд энэ гараад байгаа мэдээ төлбөртэй гэдгийг ойлгож эргэн тойрны хүмүүстээ зөв тайлбарлахыг хүсье” хэмээн бичиж буй. Шүүх шийдвэрлэсэн хэргийнхээ талаар төлбөртэйгөөр мэдээлэл түгээдэг, зөвхөн цагдаагийн байгууллагын цуглуулсан баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэсэн утгатай зүйл дээрх хоёр хүн олон нийтийн сүлжээнд бичиж байгаа нь хэт өрөөсгөл юм. Шүүх яллах, цагаатгах талын нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн хэрэг шийдвэрлэдэг гэдгийг энэ хоёр хүн мэддэггүй гэж байхгүй.
Шүүх хурлын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг, шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо, тэдний болон хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга, Ц.Батзориг, Б.Мэргэн, хохирогч Г.Сэргэлэн, гэрч Г.Дүзиймаа, Д.Дашноров нарыг оролцуулан энэ сарын 9-ний 12.00 цагт хийхээр товлосон. Тухайн өдөр шүүх хурал болж, шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар Ч.Ганхуягийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000, Б.Золбоог 4000 нэгж буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Уг ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр болсон аж.
Шүүхийн эл шийтгэх тогтоолыг “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нар үл зөвшөөрч, давж заалдана гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн байна.