Намрын хуурайшилт эрчимжиж, түймрийн эрсдэл нэмэгдсэнийг байгаль орчны болон онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж буй энэ цаг үед их хэмжээний талбайг хамарсан гамшигт үзэгдэл зүүн аймгуудад шил шилээ даран гарсаар байгааг холбогдох газруудаас мэдээллээ. Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн Дунгийн улаан замын булаг хэмээх газарт хээрийн түймэр гарсан талаарх дуудлагыг иргэд энэ сарын 11-ний 15.00 цагийн орчимд орон нутгийн онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Үүний дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, нутгийн иргэд түймрийг унтраахаар гурав дахь өдрөө ажиллаж байгааг ОБЕГ-аас өчигдөр мэдээлсэн юм.
Зүүн аймгуудын нутгаар хуурайшилт өндөр, салхи шуурга ихтэй байгаа нь түймрийн тархалтыг зогсооход ихээхэн саад болж буй гэнэ. Өчигдрийн байдлаар тус хэсэгт гарсан түймэр 50 орчим км урт газрыг хамраад байв. Түүнчлэн энэ сарын 12-нд Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт мөн хээрийн түймэр гарчээ. Аврагч-гал сөнөөгчид үүнийг дуудлага хүлээн авснаас 19 цаг орчмын дараа цурамд оруулсан бол өчигдөр бүрэн унтраахаар ажиллаж байлаа.
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 116 дуудлага бүртгэгдсэний 105 нь гал түймрийнх байжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 32-оор өссөн үзүүлэлт бөгөөд 18 нь объектын, 87 нь ой, хээрийн түймэр аж. Ой, хээрийн түймрийн дийлэнх нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт гарлаа. Өнгөрсөн ням гарагт гэхэд энэ гурван аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр зургаан удаа бүртгэгдсэн байна. Эдгээрт урьдчилсан байдлаар 42 000 орчим га талбай өртсөнийг орон нутгийн холбогдох байгууллагынхан тогтоожээ.
Н.МИШЭЭЛ