Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр нийт 21 аймгийн 14 аймагт нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулаад байгааг Я.Содбаатар онцоллоо.
Тухайлбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад одоогоор МАН ялалт байгуулж олонхын суудлыг аваад байгаа аж. Харин долоон аймгийн сонгуулийн дүнг хараахан эцэслээгүй байна.
Мөн нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт МАН ялж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 мандатаас 40 суудлыг авчээ. Х.Нямбаатар энэ талаар "Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг нэр дэвшүүлснээс бүгд ялалт байгуулаад байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлуудыг шийдэн их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно.
Бидэнд итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархлаа. Мөн бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотынхоо төлөө санаа зовниж байгаа нийт сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно" гэв.