УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Сью Лаянс тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал эхэллээ.
Хүндэт зочдыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, тус улсаас Монголд суугаа Элчин сайд Кэйти Смит нар угтан авав. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалтууд хийхээр төлөвлөсөн бөгөөд өчигдөр Төрийн ордонд эхлүүлсэн юм.
Ташрамд дурдахад, энэ нь Сенатын танхимын ерөнхийлөгчийн Монголд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. С.Лаянс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан ёсоор бараалхаж, Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллах талаар санал солилцох гэнэ.
М.ГЭГЭЭ