БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин ахлагч Б.Мөнхзаяа марафон гүйлтийн эмэгтэй төрөлд Монгол Улсын рекордыг 2:24:45 болгон шинэчилж, Парисын олимпын эрх өвөртөлсөн билээ.
Тус ангийнхны амжилт үүгээр зогсохгүй ОУХМ дэд ахлагч Б.Сарангуа БНСУ-д өнгөрсөн сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан олон улсын 28 дахь удаагийн тэмцээний хагас марафонд 21 км-ийн зайн эмэгтэй төрөлд 1:22:02 цагийн амжилтаар тэргүүн байр эзэллээ.
Дэд ахлагч Б.Сарангуа үүний өмнө мөн тус улсад зохион байгуулагдсан “Deagu Marathon-2024” тэмцээний 42 км замыг 2:49:32 цагийн амжилттай туулж, хөнгөн атлетикийн спортын мастерийн болзол хангасан юм.
Олон улсын уралдаанд амжилт үзүүлсэн ахлагч Б.Мөнхзаяа, дэд ахлагч Б.Сарангуа нарт ангийн захирагч хурандаа Д.Бямба баяр хүргэж, анги хамт олныхоо алдар нэрийг олон улсад цуурайтуулж яваад нь талархал дэвшүүллээ.
Хошууч Э.МӨНХБАЯСАХ