“Угийн бичиг” хөтлөхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, өрх бүрт хөтлүүлэн хэвшүүлэх “Сургагч багш” бэлтгэх сургалтыг “Ураг удам, уламжлалын холбоо” ТББ-тай хамтран өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл 30 хүн танхимаар, орон нутгийн харьяа байгууллагын мэргэжилтэн, Соёлын төв, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл 80 хүн цахимаар, нийт 110 хүн хамрагдав.
Энэхүү сургалтаар Монголчуудын угийн бичиг, ургийн овог, удам судар, ёс заншил, гэр бүлүүдийн ураг төрлийн холбоог таниулж, аль үед ураг барилдаж гэрлэж болох эсэхийн хязгаарыг тогтоож өгөхийн зэрэгцээ ураг төрөл ойртсон гэрлэлтээс сэргийлж, улмаар эрүүл саруул удамтай байх, угийн бичгийг хөтлөхийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх мэдлэгийг олгосон үр дүнтэй сургалт боллоо.