Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос “Монголдоо сайхан ажиллаж, амьдаръя” нээлттэй өдөрлөг, тайван жагсаал зохион байгуулав. “Энэ цаг мөчид 140 гаруй оронд хөдөлмөрчид эрх ашгаа хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болон ажил олгогчдод дуу хоолойгоо хүргэж байна. Бид ч үүнд нэгдэж, эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөлийг бүх талаар бүрдүүлье гэдэг уриалгыг эрх баригчдад хүргэхээр зорилоо.
Нийгэм, эдийн засгийн олон асуудлаас болоод манай улсын ажил хөдөлмөр эрхлэх насныхан гадаад руу “дүрвэж” байгаа. Энэ нь бодлогын түвшинд зайлшгүй анхаарах, шийдэх хэмжээнд хүртлээ даамжирчихлаа. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдээ дэмжихийг, тэдний эрхийг хамгаалахыг, хөдөлмөрлөх орчин нөхцөлийг сайжруулахыг эрх баригчдаас шаардаж байна” гэж МҮЭХ-ныхон жагсаалынхаа үеэр мэдэгдсэн. Тайван жагсаалд үйлдвэрчний эвлэлийн холбоодын гишүүд, МҮЭХ-ны харьяа байгууллагууд, иргэд оролцсон юм. Тэд төв талбайгаас МҮЭСТО хүртэл жагсаалаа үргэлжлүүлсэн. Үүний дараа МҮЭСТО-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, хөдөлмөрлөх эрхийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Ташрамд дурдахад, 1886 оны тавдугаар сарын 1-нд Америкт анх удаа олныг хамарсан жагсаал болж, иргэд ажлын найман цагтай байхыг шаардан тэмцжээ. Уг түүхэн үйл явдлыг тохиолдуулан жил бүрийн тавдугаар сарын 1-нийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгохоор 1889 онд дэлхий дахинд зарласан байна. Түүнээс хойш уг өдрийг тэмдэглэх санаачилгад улс орнууд нэгдэж, зарим нь бүх нийтийн амралтын өдөр болгожээ. Манай улсын хувьд 1990 оноос өмнө эл өдрийг баяр ёслол маягаар тэмдэглэж байсан. Харин сүүлийн жилүүдэд баяр болгон тэмдэглэх бус, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулах болсон билээ.
Бэлтгэсэн: М.Оч