Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд өчигдөр ХНХЯ-ны үүдэнд жагсаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт шаардлага хүргүүллээ. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 11 300 орчим хүүхэд байна. Тэдний 50 орчим хувь нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй аж. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанартай болгохыг жагсаалд оролцсон эцэг, эхчүүд хүсэж буйгаа уламжилсан.
Тодруулбал, тус жагсаалыг зохион байгуулсан “Эрхэм нандин сувд” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхчимэг “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 2100 орчим эцэг, эхээс судалгаа авахад одоо олгож буй халамжийн мөнгө эм, тариа, аминдэм, эмчилгээ, үйлчилгээний зардалд хүрэлцэхгүйн дээр хүүхдүүдээ нийгэмшүүлэх боломж хязгаарлагдмал байгааг илэрхийлсэн. Тиймээс бид энэ удаа нийт долоон төрлийн асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, холбогдох хүмүүст нь шаардлага хүргүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ хангалтгүй байгаагаас эрхээ эдэлж чаддаггүй. Халамжийн тэтгэмж хүүхдүүдийн наад захын хэрэгцээг хангадаггүй. Халамжийг хууль, журмын дагуу заасан хугацаанд нь сунгадаггүй, хүнд сурталтай зэрэг одоогийн нөхцөл байдлыг сайжруулахыг хүсэж байна.
Бусад оронд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бий. Тэд өөрт тохирсон үйлчилгээгээ авч, сэтгэл хангалуун амьдарч байна. Ядаж л манай улсад хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүүхдүүдэд зориулсан асрамжийн газар байдаггүй” хэмээн ярив. Тархины саа, саажилттай, уналт таталт өгдөг, оюуны бэрхшээлтэй зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд 2021 оноос эхлэн Засгийн газар, УИХ, ХНХЯ-нд удаа дараагийн шаардлага хүргүүлж байв. Үүний үр дүнд 2022 онд Засгийн газрын зүгээс уналт, таталтын эсрэг эмийн төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, халамжийн тэтгэмжийг 375 мянган төгрөг болгож нэмэгдүүлжээ.