“Тэнгэрлэг Монгол” гэх төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бямба-Очирыг худал мэдээлэл тараасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-нд “Бямба-Очир Батдэлгэр” нэртэй фэйсбүүк хаяг болон “Тэнгэрлэг Монгол ТББ” пэйж хуудсаар дамжуулан “Сүхбаатар дүүрэг дэх 21 га газрыг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа олгосон” хэмээн мэдээлэл цацсан аж. Үүний дараа тус дүүргийн ЗДТГ-ын албан тушаалтнууд “2011 онд буюу 12 жилийн өмнө дүүргийн Засаг даргын захирамжаар ФСУБ гэдэг компанид зуслан болон спортын талбайн зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлсэн.
Мөн тухайн ондоо нийслэлийн Засаг даргын захирамжаар ФСУБ ХХК нь “Инскрешсорос” ХХК-ийг хамтран эзэмшигчээр нэмүүлсэн. Үүнээс хойш нийслэлийн Засаг даргын захирамжаар гурван удаа тус бүр таван жилийн хугацаагаар сунгасан. Хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд ашиглах хугацааг сунгажээ” хэмээн гэсэн тайлбар өгсөн юм. Түүнчлэн уг мэдээлэл гарсны дараа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үзлэг шалгалт хийгээд дурдагдсан талбай нь Санзайн зуслангийн орчин буюу ой модны захаар олгосон 21 га газар. Хашаа хайс, барилга, байгууламж бариагүй. Бут, сөөг, моддыг сүйтгэсэн зүйл гараагүйг мэдээлж байв.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Бямба-Очирт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэмээн Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүх хэргийг хэлэлцээд Б.Бямба-Очирыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, нэг сая төгрөгөөр торгон гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах ёстой гэж хуульчилсны дагуу түүнийг худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаах үүрэг хүлээлгэсэн байна.
Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн Т.Бат-Эрдэнэд холбогдох, үндэсний эв нэгдлийг бусниулсан, худал мэдээлэл тараасан гэх хэргийг хэлэлцэхээр товлосон боловч прокурорын хурал давхацсан учраас хойшлуулжээ. Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 30-нд олон нийтийн сүлжээнд “Chagii Chagnaa” гэх хаягаар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нууц тушаал гаргаж Өмнөговийн Овоотын хилийн отрядыг үндсэн байрлалаасаа 45 км ухрахыг үүрэгдсэн. Монгол, Хятад хоёр улсын хилийн гэрээний зохицуулалтаар 15 км хавтгай дөрвөлжин газрыг БНХАУ-д шилжүүлэхээр болсон. Цаана нь Хятадын хилийн цэргийн түргэн байрлах рот болон Хятадын төрийн өмчит, ашигт малтмал олборлох компани үйл ажиллагаа явуулах болсон тул Ерөнхийлөгч ийм тушаал гаргасан” гэсэн утгатай худал мэдээлэл цацсан юм.
Мөн “Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж засаг төрийг эргүүлцгээе. Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилалт хийж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэсэн мэдээлэл бас тараасан аж. Эдгээр мэдээллийн дагуу тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан”, мөн хуулийн 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар тооцоод буй аж.