Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2007 онд бүх гишүүн орныг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж, таниулах арга хэмжээ авахыг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан 2008 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр “Монголын аутизмын холбоо” ТББ сургууль, цэцэрлэгүүдийг “Хамтдаа эвлүүлцгээе” аянд нэгдэхийг уриаллаа. Өөрөөр хэлбэл, уг аяны хүрээнд дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон, сургууль, цэцэрлэг төдийгүй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хандлагаа өөрчлөхийг хүсэв.
Тус ТББ-ынхан аяны хүрээнд академик хичээлээр дамжуулан аутизмын тухай агуулгыг хэрхэн оруулах, сургууль, цэцэрлэгийн орчныг аутистик хүүхдүүдэд илүү ээлтэй болгох зөвлөмж боловсруулжээ. Аутизмын хүрээний эмгэг нь зөвхөн харилцаа, нийгэмшихүйн асуудал биш бөгөөд сэтгэхүйн хувьд өөр онцлогтой хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад уламжлалт арга тэр бүр таарахгүй байгааг мэргэжилтнүүд онцолсон. Манай улсад 2022 онд 746 хүүхэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогджээ. Эрт үеийн хөгжлийг дэмжсэн тусгай цэцэрлэг, сургууль нэн шаардлагатай төдийгүй эрүүл мэндийн боловсрол тааруу, хүнсний эрүүл ахуй алдагдсан Монгол Улсад аутистик хүүхдийн тоог эрлийн хурдаар нэмэгдэх аюул ойрхон байгааг зарим судлаач, мэргэжилтэн ярих болжээ.
Бэлтгэсэн: Ч.Туяа