Ажлын байран дахь хортой уур амьсгал гэх ойлголт олон улсад эрчимтэй тархаж байна. Энэ нь химийн идэвхт нэгдэлтэй орчинд ажиллах тухай ойлголт огт биш. Харин ажлын байран дахь хүн хоорондын таагүй уур амьсгалаас үүдэлтэй асуудлыг хэлдэг байна. Стэнфордын их сургуулийн профессор Жеффри Префер “Цалингийн төлөөх үхэл” номдоо ажлын байран дахь хортой уур амьсгал нь нас баралтын тэргүүлэх шалтгааны тавд “жагсдаг”-ийг дурджээ. Тэрбээр судалгаагаараа ажиллах хүчний буруу менежмент, ажлын байрны хортой уур амьсгал нь АНУ-д жилд 120 000 гаруй хүний аминд хүрдгийг тогтоосон гэнэ.
Олонх хүн ажилдаа өдөрт 8-9 цагийг тогтмол зарцуулдаг. Гэвч энэ хугацаанд ажлын хамтрагчидтайгаа эв зүйгээ олохгүй, удирдах албан тушаалтантайгаа таатай бус харилцаатай байх зэрэг нь бүтээмж буурахад, цаашлаад эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдгийг тэрбээр судалгаагаараа баталжээ. Тухайн байгууллагад нэг л хүн хамт олны аргахэмжээндоролцохоосзайлсхийх, багийн ажиллагааг үл тоомсорлох, мөн бусдыгаа үл хүндэтгэвэл байгууллагын дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг аж.
Түүнчлэн үргэлж илүү цагаар ажиллах болон удирдах албан тушаалтнаас ирэх дарамт, шахалт зэрэг нь ажлын байран дахь хортой уур үүсгэдэг байна. Мөн ажилтнуудын хоорондын харилцан яриа сөрөг хандлагаас эхэлж байвал хортой уур амьсгалын эхлэл тавигдсан гэж үзэх үндэслэл болдог гэнэ. Тэгвэл хэт их хов жив, цуурхал дэгддэг бол тухайн ажлын байр хэдийн хортой болсон гэсэн үг аж. Хов жив, хараал, архидалт тархсан газар ажиллах таатай орчин хэзээ ч бүрддэггүй. Үүнээс гадна ажилчдын хооронд хэт их өрсөлдөөн хиймлээр бий болох, айдаст суурилсан манлайлал үүсгэх зэрэг нь хортой уур амьсгалыг бүрдүүлдэг суурь шалтгаануудын нэг юм байна.
Хортой уур амьсгал бий болоход тухайн байгууллагын удирдах албан тушаалтан голлох үүрэг гүйцэтгэх нь түгээмэл гэнэ. Жишээ нь, удирдан чиглүүлэх үүрэг бүхий хүмүүс бусдыгаа үргэлж ёжлох, дорд үзэхийн зэрэгцээ илүү цагаар ажиллахыг шаардах нь хортой уур амьсгал бүрдэх шалтгаан болох нь.
Ажил мэргэжлийн дасгалжуулагч Эли Бохемонд “Та хаана байхдаа сэтгэл зүйн хувьд аюулгүй гэж мэдэрч байна, тэр эрүүл ажлын байр” гэж хэлжээ. Хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцахдаа үргэлж айж, улмаар шийтгүүлэх, доромжлуулах, илүү цагаар ажиллах зэрэг нь богино хугацаанд сэтгэл зүйн гүн хямралд орох шалтгаан болдог аж. Урт хугацаандаа амиа хорлох эрсдэлийг ч бий болгодог байна. Мөн ажилтан удирдах албан тушаалтныхаа хүлээлтэд нийцүүлэх, эсвэл хүлээлтийг нь давуулахын тулд үргэлж шаргуу ажиллах нь бие болон оюун санааны хувьд ядарч, сульдахад хүргэдэг аж. Хортой ажлын байр нь зөвхөн сэтгэл зүйд бус, биеийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тиймээс хортой уур амьсгалтай хэрхэн тэмцэж, ажиллах орчноо эрүүлжүүлэхийг олон улсын томоохон байгууллага, компаниуд тогтмол эрэлхийлдэг болжээ. Үүнийг шийдвэрлэх нь ганц хүнээс хамааралтай зүйл огт биш. Тухайн байгууллагын ажилчид хоорондын харилцааг сайжруулах, идэвхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах хэрэгтэйг олон улсад зөвлөдөг юм байна. Мөн тэдний санаа бодлыг буруушаахгүй сонсох, хуваалцах, айдаст суурилсан манлайллаас татгалзах нь ажлын байранд бий болсон хортой уур амьсгалыг устгахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн